Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө
Засгийн газрын ээлжит хуралдаан
2017.01.25

Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах  салбарт зарцуулахаар төлөвлөж байна.

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монгол Улсад ахмадын байгууллага  үүсч хөгжсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

-  Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь байхаар тогтоолоо.

-  Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болж, ой тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.  

-  Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах жагсаалтыг хавсралтаар баталлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 1187 цэргийн албан хаагч дэлхийн зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.