Баасанхүү.О Оюун-Эрдэнэ.Л 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Өнөөдөр, маргааш 20 асуудал хэлэлцэнэ

Өнөөдөр, маргааш 20 асуудал хэлэлцэнэ

2017 оны нэгдүгээр сарын 26-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уламжлал ёсоор хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл тэргүүтэй 18 асуудал хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар үг хэлсэн юм. О.Баасанхүү өөрийнх нь өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг хүссэн бол Л.Оюун-Эрдэнэ байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд УИХ анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тогтоолын төслүүдэд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Бид түүний илэрхийлсэн байр суурийг удахгүй хүргэх болно. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөөч. Монголын ард түмэн үндэсний спортоос бөх, морио дэмждэг. Тэгвэл одоо сур харвааг дэмжихийг хүсч байна. Өмнөх парламентад суртай холбоотой уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн боловч хэлэлцэх хугацаа үлдсэнгүй гээд буцаасан төслийг Сурын холбооны хүсэлтээр дахин өргөн барьсан нь энэ.

Мөн Эрдэнэт үйлдвэр, хотын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс миний өргөн мэдүүлсэн Эрдэнэтийн үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөөч.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Байнгын хорооны гишүүдийг өөрчлөх тухай яригдсан. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үү? Мөн өнгөрсөн өдрүүдэд миний бие өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажилласан. Энэ жилийн зуд бол хавсарсан зуд буюу олон улсын эрсдлийн хоёрдугаар зэрэгт хамаарах зуд болж байна. Хөрсөн дээрх хүйтэн 30 хэмээс дээш, цасны зузаан 40-50 см буюу өвөлжилт хүндэрчээ.

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын Ерөнхий газар нөөц, боломжоо бүрэн дайчилж байгаа боловч нэг малчны хотонд 5-7 өдрийн малын тэжээл л хүрч байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өвлийн хамгийн хүнд үе нь 2 дугаар сарын дунд үед буюу чуулган завсарласны дараа тохионо.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр малын тоо толгой хоргодох, малчид эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсахаар байна. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, зудын нөхцөл байдалд авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх, Засгийн газар, Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn