О.Баасанхүү: Ард түмэндээ итгэж, 100 хувь гараар тоолж болохгүй гэж үү?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.26

О.Баасанхүү: Ард түмэндээ итгэж, 100 хувь гараар тоолж болохгүй гэж үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал тоолох автоматжуулсан төхөөрөмж хэрэглэхийг оронд гараар тоолох тухай санал гаргалаа. 

О.Баасанхүү: 100 хувь гараар тоолж болохгүй гэж үү? 

Америкчууд хүртэл техник хэрэгсэлд итгэхээ больсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгуулийн үр дүнд Оросууд нөлөөлсөн, хакердсан гэх зэрэг мэдээлэл цацагдаж байсан шүү дээ. Тиймээс техник хэрэгсэлд найдалгүй саналын хуудсыг гараараа тоолж болохгүй гэж үү?

Нэг үе МАН санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг шатааж байсан бол одоо уг төхөөрөмжийг хакердсан байж болзошгүй гэж АН-ынхан ярьж байна шүү дээ. Гар тооллогыг ард түмний төлөөлөл л хийж байгаа. Бид бүгд л төрөө түвшин байлгахыг зорьдог. Тиймээс Монгол Улс бүхэлдээ нэг тойрог гэдэг утгаараа хэн, хэндээ итгэж Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тодорхой хувийг техник хэрэгсэл хэрэглэх зардал эзэлдэг. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн техник хэрэгсэл хэрэглэх зардалд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байна?

Сонгууль болгоны өмнө Сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталдаг нь ямар учиртай вэ? Яагаад нэг мөр шийдэж болдоггүй юм?

Америкийн технологиор хийсэн уг автоматжуулсан төхөөрөмжийг дэлхий нийтээр үгүйсгэсний дараа сая л Монгол Улс татгалзах гэж үү?

Миний мэдэж байгаагаар БНСУ-д автоматжуулсан төхөөрөмжөөр тоолсон үр дүнгээ гараар тоолж баталгаажуулан, гар тооллогоо 100 хувь зөвшөөрдөг. Өмнөх парламентын үед МАН-ын цөөнх байхдаа нилээдгүй хөөцөлдсөний эцэст санал хуудасны 50 хувийг гараар, 50 хувийг автоматжуулсан төхөөрөмжөөр тооллуулдаг боллоо  гэж байсан. Тэгвэл одоо яагаад 100 хувь гараар тоолдог байж болохгүй гэж?

Өмнөх парламентад Сонгуулийн тухай хуулийг АН өөрчилсөн, одоо уг хуулийг өөрчлөх гэсэн боловч эсэргүүцлээ гэсэн тайлбар өгч байна. Ийм зүйл огт байхгүй шүү дээ. Таван нам зөвшилцөж, Сонгуулийн тухай хамгийн сайн хууль боллоо гэж гар гараасаа атгалцсан байсан нь саяхан.

Гэтэл Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэсгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан ч хоёр хуультай байх боломж байгаа учраас нь хууль санаачлагчид нь буцаасан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнийг улстөржүүлж хэрэггүй.

Цөөнх байх үедээ олонход буруугаа тохож, олонх болсон үедээ цөөнх рүү буруугаа чихдэг байж болохгүй.

Өнгөрсөн парламентаар МАН цөөнх байхдаа Ард нийтийн санал агуулгын тухай хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлж байсныг санаж байна. Автоматжуулсан төхөөрөмжийг болих, сонгуулийн пропорациональ тогтолцооноос татгалзаж, ард түмнээсээ асууя гэж байсан шүү дээ. Тиймээс одоо ард түмэндээ итгэж болохгүй гэж үү?

Бид Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох тухай ярьж байна шүү дээ. Үндсэн хууль болоод бусад хуулийг харахад тухайн намын гишүүн гэж байхгүй, УИХ-д суудал бүхий нам л гишүүдээсээ хэнийг ч нэр дэвшүүлж болно гэсэн заалттай. Монголын ард түмэн Ерөнхийлөгчид нэр дэвших, сонгох бүрэн чадамжтай.

Ч.Содномцэрэн: Гараар тоолж болохгүй 

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн

Техник хэрэгсэл хэрэглэхгүйгээр гараар тоолж болохгүй. Учир нь УИХ-аас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан.

Энэ хуулийн дагуу Ард нийтийн санал агуулга, Монгол Улсын Их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна гэж хуульд заасан. Уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас гараар тоолох боломжгүй.

Сонгууль бүрийн өмнө техник хэрэгсэл хэрэглэх УИХ-ын тогтоолын төслийг баталдаг. Энэ нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1,1 дэх хэсэгт “УИХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд, сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах” гэж заасан. Тиймээс хуулийн дагуу УИХ-ын тогтоолын төсөл баталдаг.

2012 оны УИХ-ын сонгуульд 20 гаруй тэрбум төгрөгийг техник хэрэгсэл хэрэглэх зардалд зарцуулахаар баталж өгсөн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 2 тэрбум төгрөг зарцуулна. Эндээс харахад сонгуульд зарцуулах техник хэрэгслийн зардал 10 дахин багассан.