Тийм&Үгүй: Хэнтийн нурууг тэр чигт нь Бурхан халдун гэж нэрлэх үү?
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2017.01.26

Тийм&Үгүй: Хэнтийн нурууг тэр чигт нь Бурхан халдун гэж нэрлэх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар асуулт асуулаа. 

Г.Занданшатар: Хэнтийн нурууг тэр чигээр нь Бурхан халдун гэж өөрчлөх гэж байгаа юм шиг ойлгогдоод байна

Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгож өөрчлөх гээд байна уу? Далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших өндөрлөгөө Бурхан халдун уул гэж нэрлэх гэж байна уу гэдгийг тодруулна уу? Танилцуулгад Хэнтий хан уул гэж дурдагдсан учраас Хэнтийн нурууг тэр чигээр нь Бурхан халдун гэж нэрлэх гэж байгаа юм шиг ойлгогдлоо.

Зарчмын хувьд уг тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ Казахстан, БНХАУ улсууд Бурхан халдун уул гэж нэрлэсэн байдаг. Энэ нь тухайн газар нутгуудад Эзэн Чингис хааны өв соёл байх тун өндөр магадлалтайг харуулж байна.

Бурхан халдун уулыг олон жил сүсэглэж ирсэн ард түмэн энэ нутаг дэвсгэрт Их хааны өв хадгалагддаг гэдэгт итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс Монголын нууц товчоонд Бурхан халдун уул гэдэг нэрээрээ орсон учраас Хэнтий Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөхийг дэмжиж байна.

Д.Оюунхорол: Хэнтийн нурууны нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх гэсэнгүй

2015 оны долдугаар сарын 4-ний өдөр Юнескогийн Дэлхийн Өвийн хорооны шийдвэрээр Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тиймээс Хэнтий хан уул гэж нэрлэсэн далайн төвшнөөс дээш 2361,5 метр өндөрт орших Хэнтий Хан уулыг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн юм.

Чингис хааны үеэс энэ уулыг Бурхан халдун гэж нэрлэж байсан. Харин бурхан шүтээнийг тахин шүтэхийг хориглож байсан тэр үед Хэнтий Хан уул гэж нэрлэн, газрын зурагт тэмдэглэсэн байдаг. Одоо Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэршлээр нь нэрлэх хэрэгтэй байна.

Хэнтийн нурууны нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх гэсэнгүй. Хэнтийн нуруу нь Хэнтий, Төв аймгийн нутагт орших нуруу юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүнийг нутаглуулсан гэгддэг Бурхан халдун уул нь Хэнтийн нуруунд харьяалагддаг.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэршлээрээ буюу Бурхан халдун уул гэж газрын зурагт тэмдэглэгдэх ёстой гэсэн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Бурхан халдун уул гэсэн нэршилтэй уул Казахстан, БНХАУ улсуудад бий. Харин Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхдээ Бурхан халдун гэдэг нэршлээрээ оруулахгүй юм бол Казахстан уу, Хятадын Бурхан халдун уул уу гэж эргэлзэхэд хүрнэ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор сүүлийн 10 гаруй жил судалгаа хийсэн. Монголын Бурхан халдун уул Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нь амжилт юм.