УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
2017.01.26

Ц.Нямдорж: Хэнтий нурууны ноён оргилыг Бурхан халдун гэж нэрлэх гээд байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн ойлгож байгааг зөв болохыг хууль санаачлагчаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Минжийн хангайн застав руу явж байхдаа Хэнтийн нурууны Асралт хайрханы урдуур өнгөрч байсан. Хэнтийн нурууны ноён оргилыг Хэнтий Хан гэдэг байсныг Бурхан халдун гэж өөрчилж нэрлэх гэж байна гэж миний хувьд ойлгосон юм. Миний ойлгож байгаа зөв үү? Хэрэв миний ойлгосон зөв бол би ингэж нэрлэхийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

Таны ойлгож байгаа зөв. Хэнтийн нуруунд орших, далайн төвшнөөс дээш 2361,5 метр өргөгдсөн Хэнтий Хан уулыг Бурхан халдун уул гэж өөрчлөн нэрлэх тухай тогтоолын төсөл оруулж ирсэн.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, Монголын ард түмний нэрлэж заншсан нэршил болох Бурхан халдун уул нэрээр нь нэрлэж, Монгол Улсын газрын зурагт тэмдэглэх юм.