УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.01.26

Б.Бат-Эрдэнэ: Бурхан халдун уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн нь маш том амжилт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Их Хэнтийн нурууны ноён оргилыг Хэнтий хан гэж газрын зурагт тэмдэглэсэн байсныг Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэршлээр нь буюу Бурхан халдун гэж өөрчлөн нэрлэх болсон тухай тайлбар хийлээ. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

Хэнтийн нуруу нь Их Хэнтийн нуруу, Бага Хэнтийн нуруу гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Бага Хэнтийн нурууны ноён оргил нь Асралт хайрхан. Их Хэнтийн нурууны ноён оргил нь Хэнтий хан гэж нэрлээд буй өндөрлөг юм. Энэхүү өндөрлөг нь үеийн үед Монголчуудын шүтэж ирсэн Бурхан халдун уул юм.

Хуучин тогтолцооны үед ЗХУ-ын экспедиц зураглал хийж явахдаа Бурхан халдун уулын нэрийг Хэнтий хан гэж нэрлэсэн байдаг. Зарим үед Хэнтий хан, зарим үед Хан Хэнтий гэж нэрлэж, бичиж тэмдэглэж иржээ.

Одоо энэ цаг үед Бурхан халдун гэсэн эртнээс уламжилж ирсэн нэршлээр нь өөрчлөх зүй ёсны шаардлага тулгарсан.

Дэлхийн өвийн хорооны зөвлөмж, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг бол маш том шалгууртай.

Тиймээс ч Бурхан халдун уул Дэлхийн соёлын өвд бүртгэгдэнэ гэдэг маш том амжилт. Энэ бол сүүлийн хэдхэн жилд хийсэн ажил биш. Олон жилийн туршид эрдэмтэн, судлаачид судалж, түүний үр дүнд Бурхан халдун уул нь дэлхийн соёлын өв юм гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон.