Ё.Баатарбилэг 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Нутаг, уул усны нэрийг өөрчлөхтэй холбоотой асуудалд няхуур хандах ёстой

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Засгийн газраас нутаг, уул усны нэрийг өөрчлөх, солихдоо онцгой анхаарах ёстой гэдгийг санууллаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Бурхан халдун уул бол зөвхөн нэг аймаг, орон нутгийн харьяалалд оршдоггүй. Энэ уул бол Монголын ард түмний эртний тахилга шүтээнтэй, онгон дагшин газар юм. Тийм болохоор Бурхан халдун уулын асуудлыг хэлэлцэхдээ нилээд нухацтай, болгоомжтой хандах ёстой.

Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээс хойш нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тархсан. Харин тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад нилээд зөв ойлголт, мэдээлэлтэй болж чадлаа. Тогтоолын төслийн танилцуулгад ч асуудлыг тодорхой тусгасан байна.

“Ихэсийн газар” гэж нэрлэгддэг эдгээр түүхэн дурсгалт газруудыг эртнээс нааш ихэд нууцалж ирсэн уламжлалтай. Босго, тэнгэрийн даваанаас цааш нилээд хориотой бүс байдаг. Чингис хааны үүх түүх, энэ үеэс уламжлал ирсэн ёс заншлын асуудлыг авч үзэхдээ няхуур хандах ёстой.

Жишээлбэл, Чингис хааныг Чингис хаан гэж нэрлэдэггүй Өндөр хаан гэж нэрлэдэг бөгөөд энэ нэрээр Хэнтий аймгийн төвийг нэрлэдэг байсан ч өнөөдөр Чингис хот боллоо. Ямар хуулийн хүрээнд ингэж нэрлэсэн нь тодорхойгүй, хуульд байхгүй аймгийн төвийн нэршил байна. Тиймээс энэ мэт алдаа дутагдалтай зүйлсийг засч сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад түүхийн ухааны цөөнгүй эрдэмтэн, судлаачид надтай холбогдсон. Энэ асуудлаар Түүх, археологийн хүрээлэн, тэдгээрийн эрдэмтдээс санал авалгүй явж байснаа сүүлд тэдэнтэй хамтран ажилласан гэдэг агуулгаар нь тогтоолын төслийг дэмжиж байна. Цаашид нутаг, уул усны нэрийг оруулж ирэхдээ Засгийн газар онцгой анхаарч байх нь зүйтэй." 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn