Энхболд.М 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан

Хуулийн шинэчилсэн найруулгын болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хийсэн юм.

Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжив. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд