УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.26

О.Баасанхүү: Ноён уул, Бурхан халдун уулын асуудлуудыг цогцоор нь шийдэж болохгүй юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг ямар уулыг Бурхан халдун гэж нэрлэх гэж байгааг лавшруулан асуусан бөгөөд Ноён уулын асуудлыг ч хөндлөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Бурхан халдун уулын нэр хэзээ өөрчлөгдсөн тухай баттай эх сурвалж байхгүй ч гэсэн 1640 онд бичигдсэн Лувсан Данзаны Алтан товч хэмээх сурвалжид Бурхан халдуны зэрэгцээ Хэнтий ханы нэр давхар дурдагдаж эхэлдэг гэж бичсэн байна. Би гайхаж байна. Түүхийг хуулиар өөрчлөх гээд байна уу? Түүх түүхээр л байх ёстой. Тухайлбал, Сүх байсны баатар болжээ гээд түүхэнд Сүхбаатар гэж бичигддэг. Үнэндээ Сүхбаатар бол Сүх гэдэг нэртэй хүү байсан шүү дээ. Энэ мэт түүхийг хуулиар өөрчлөх шалтгааныг сайн ойлгох байна.

Бурхан халдун гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төөрдөг уул орчмыг хэлээд байна уу? Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших уул шүү дээ. Эсвэл Хэнтий аймгийн Чингис хотод орших уулуудыг тэр чигт нь Бурхан халдун гэж нэрлээд байна уу?

Тогтолын төслийн танилцуулгад далайн төвшнөөс дээш 2361,5 метр өндөрт орших уул гэж байгаа боловч ард түмний тахин шүтдэг уулыг хэлээд байна гэдэг нь тодорхойгүй байна. Эрдэнэт хотод хоёр уул бий. Нэг нь Ардчилсан холбооны тахидаг уул, нөгөө нь МАН-ынхны тахидаг уул. Өөрөөр хэлбэл, урд уул нь уу, хойд уул нь тахилгат уул уу гэдэг нь ойлгомжгүй.

Өнгөрсөн парламентаар Ноён уулын тухай асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ алттай хэсэг нь Ноён уул, алтгүй хэсэг нь Ноён уул биш болсон. Үүнээс болж, ард түмний дунд маргаан үүсч, эцэст нь эдийн засгийн талаас боломжгүй гэж үзсэн юм. Нэгэнт уул усны нэршлийг солих тухай асуудлыг хэлэлцэж байгаа бол Ноён уулын координатыг өөрчлөх асуудлыг давхар оруулж ирэх хэрэгтэй.

Нэрлэхдээ гол биш. Түүхэн утга учирыг хадгалах ёстой. Түүхийг үнэгүйдүүлж болохгүй.

Тухайлбал, уулын нэрийг өөрчлөхдөө НҮБ-ын Юнескод зориулж өөрчлөх нь утгагүй. Тиймээс тогтоолын төслийг боловсруулах явцдаа түүхчдээс хэр санал авсан бэ? Тухайн орон нутгийн захиргаа, иргэдээс санал авсан уу?

Нэгэнт Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй уул гэдэг утгаараа уулын нэрийг өөрчилж, түүнийгээ газрын зурагтаа тусгаж болно. Гол нь нэрлэсэн үү, үгүй юу гэдэг асуудал байна. Ноён уулын асуудал бол Бурхан халдун уултай адил ач холбогдолтой. Ноён уулыг ухуулмааргүй байна. Тиймээс Ноён уул, Бурхан халдун уулын асуудлуудыг цогцоор нь шийдэж болохгүй юу? Нэр өөрчилж байна гэдгийг цаана бүхэл бүтэн түүх байгаа шүү гэдгийг дахин дахин хэлье.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

Хэнтийн нуруу нь Их Хэнтийн нуруу, Бага Хэнтийн нуруу гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Бага Хэнтийн нурууны ноён оргил нь Асралт хайрхан. Их Хэнтийн нурууны ноён оргилыг XIII зууны үеэс Бурхан халдун гэж нэрлэж байсан. Монголын ард түмний шүтээн, бахархал болсон хайрхан юм. Тиймээс түүхэн эх сурвалжид үндэслэж, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласны үр дүнд НҮБ-ын Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн гэдгийг энд зориуд хэлэх хэрэгтэй.

Бурхан халдун уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэгт н.Уртнасан, н.Цогтбаатар, н.Даваацэрэн, н.Эрдэнэбилэг, н.Хашмаргад нарын Шинжлэх ухаан, ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, олон улсын шинжээчдийн баг орж, 5 жил ажилласан юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төөрсөн уул нь Бурхан халдун уул мөн. Тэр хүн Бурхан халдун ууландаа ч гарч чадалгүй төөрсөн байдаг.

Ер нь Бурхан халдун зэрэг төрийн тахилгат уулыг тайхдаа босго, тэнгэрийн давааны наана хийдэг байх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан.

Дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг бол дархан цаазат газрын хамгаалалтыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох ажлууд илүү баталгаажуулах болно.

Тиймээс тус газарт уул уурхайн хайгуул, олборлолт хийхийг бүрэн хориглож чадна. Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийн хамгаалалтад орсон уул болсон гэсэн үг.

Далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий хан уулыг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг бид хэлэлцэж байна.