Эрдэнэ.С 2017.01.26 | Сайт: Vip76.mn

С.Эрдэнэ: Тэтгэврийн насны бүх хүнд "Насны хишиг" олгох ёстой

С.Эрдэнэ: Тэтгэврийн насны бүх хүнд "Насны хишиг" олгох ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа. 

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль байсныг яагаад Ахмад настны тухай гэж өөрчлөх болсон, Насны хишиг хөтөлбөр нь ахмадууддаа ялгаварлан гадуурхсан буюу Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлж, ажлын хэсгийн гишүүнээс зарим зүйлийг тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Хуулийн төсөлд эргэж харах шаардлагатай зүйлс бий.

Нэгд, “Ахмад настны нийгмийн хамгааллын” гэдэг нэршлийг үгүй хийж, “Ахмад настны тухай” гэж оруулж ирж байгаагийн учир юу вэ?

Нийгмийн хамгаалал зайлшгүй шаардаж байдаг нийгмийн бүлэг бол ахмад настнууд. Гэтэл нийгмийн хамгаалал гэдгийг үгийг авч хаясан атлаа хуулийн төслөөс зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд харагдахгүй байна.

Хоёрт, Ахмадуудаа дөрвөн насны ангилалд хувааж, ангилан гадуурхах замаар “Насны хишиг” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь зохимжгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэнийг нас, хүйс, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн онцгой заалт бий. Гэтэл уг хуулийн заалтыг зөрчин байж, “Насны хишиг” хөтөлбөрийг санаачлах болов?

Гуравт, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Насны хишиг” тэтгэвэр олгоно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр оруулж ирж буй хөтөлбөр нь тэтгэвэр биш тэтгэмж шүү дээ. Тиймээс энэ нь танай намын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөөд зогсохгүй Үндсэн хуулийг зөрчиж байна.

Ахмад настнуудаа насаар нь ялгаварлан гадуурхаж, 65-аас дээш настай бол хамрагдана, 65-аас дээш настай бол хамрагдахгүй гэж байдаг. Гэтэл Монгол Улсын хүн амын дундаж наслалт хэд билээ?

Миний мэдэж байгаагаар эрэгтэйчүүд дундаж нас 66, эмэгтэйчүүдийн 70-аас дээш байна. Тэтгэвэрт гарсан бол тэтгэврийн насны ахмадууд 100 хувь хамрагдаж байх ёстой. Тэтгэвэрт гарсан ахмадуудыг насаар нь ангилж байна. Аливаа хууль тогтоомж иргэдэд тэгш үйлчилдэг байх ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Монгол Улсын хүн амд эзэлж буй ахмад настны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Нийт ахмад настны 60 орчим хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой гэсэн тоо бий. Мөн ахмадууд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрхэн хамрагдах, орон нутгийн ахмадын зөвлөлийн үйл ажиллагаанд яаж оролцох зэрэг өргөн хүрээний асуудлыг авч үзэх шаардлагатай болсон учраас Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг Ахмад настны тухай хууль болгон өөрчилж, шинэчлэн найруулсан.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт, Ач санах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулна гэж тусгасны дагуу уг хуулийн төслийг Ахмад настны тухай хуулийн төсөл болгож, УИХ-д өргөн мэдүүлж, эцсийн шатандаа хэлэлцүүлж байна.

Чингис хааны үеэс ахмад настнууддаа “Насны хишиг” олгож байсан түүхэн уламжлал бий. Энэ уламжлалыг үргэлжлүүлэн Монгол Улсын 65-аас дээш насны ахмадуудад өндөр наслах тусам таныг улам дэмжих болно гэсэн Монгол төрийн бодлого юм.

Насны хишигт цөөхөн ахмад хамрагдаж байна гэвэл үгүй. Монгол Улсад тэтгэвэр, тэтгэмж авч буй 60-аад мянган ахмад бий. Үүнээс “Насны хишиг”-ийг 121905 хүн жилд хоёр удаа авах юм.

Нөгөө талаас бид “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” ёстой гэдгээр бол үүнээс олон ахмад настны хөтөлбөрт хамруулья гэвэл нийгмийн даатгалын сан энэ ачааллыг даахгүй.

Саяхан тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар буурууллаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудад жилийн 9 хувьтай байршуулж байсныг 13 хувь болгосон. Хүүний зөрүүнээс 32 тэрбум төгрөг хуримтлагдаж байна.

Үүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуримтлуулж, тус сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй ахмадуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилготой хуулийн төсөл юм. Та хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан шүү дээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn