МАН-ын бүлэг завсарлага авав
Улсын Их Хурлын Чуулган
2017.01.26

МАН-ын бүлэг завсарлага авав

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу офшорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Гэвч МАН-ын бүлгээс завсарлага авсан тул хэлэлцүүлгийг эцэслэлгүйгээр ирэх долоо хоногт үргэлжлүүлэх боллоо. 

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаас өндөр албан тушаалтны гэр бүлийг офшорт данс эзэмших, мөнгө байршуулах, компани байгуулахыг хориглох санал гарган дэмжигдсэн

Ингэснээр төрийн өндөр албан тушаал хашдаг  301 хүн гадаад улсад данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохын зэрэгцээ гэр бүлийнхнийг нь ч мөн адил хориглохоор болж байгаахэрэг. Харин хуулийн төслийг анх өргөн барихдаа өндөр албан тушаалтны гэр бүлийнхэн гадаад улсад данс эзэмшиж болох бөгөөд гагцхүү заавал хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлж байх заалтыг тусгасан байсан аж. 

Тиймээс МАН-ын бүлгийн дарга Б.Хаянхярваа “Зарчмын зөрүүтэй саналуудаа бүлэг дээр нэгтгэх шаардлагатай байгаа тул таван хоногийн завсарлага авья” гэсэн хүсэлт гаргаснаар уг хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцээр болоод байна.