Баасанхүү.О Энх-Амгалан.Л 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Насны хишиг: Цагаан сараас өмнө амжиж олгох уу?

Насны хишиг: Цагаан сараас өмнө амжиж олгох уу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа.  Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Насны хишиг"-ийг хэзээ олгох, 2017 оны төсөвт тодотгол хийх талаар Л.Энх-Амгалан гишүүнээс тодруулсан юм. 

О.Баасанхүү: ХМХ-ийн хэрэгслээр насны хишгийг цагаан сараас өмнө олгоно гээд байдаг???

55 настай эмэгтэйг залуу хүн гэж хэлэхгүй байх. Өндөр настанд тооцогдсоны үндсэн дээр тэтгэвэр авч байгаа. Зарим хүн тэтгэвэрт гарахыг тэр бүр хүсдэггүй. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт н.Солонго гэж хүн 60 гарсан боловч ажлаа хийгээд л явж байна.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн хувьд 60 нас гэдэг бол оффисын ажил эрхэлдэг 80 настай хүнтэй адил шүү дээ.

Тиймээс “өндөр” гэдэг тоогоор уу, хөдөлмөрийн нөхцлөөр нь нэрлээд байна уу? Хэрэв өндөр гэдгийг насаар илэрхийлж байгаа бол 65 насыг өндөр гэж үзээд л тэтгэвэрт гаргаж байгаа хэрэг шүү дээ. Нялх, балчир, хүүхэд наснаас эхлээд өтөл нас гэж юуг хэлэхийг Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд тодорхой тэмдэглэсэн байдаг.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт орох уу? Ахмад настнуудад насны ангиллаас хамаарч ялгамжтай тэтгэмж олгоно гэж хуулийн төсөлд заасан байна. Үүний дагуу Монгол Улсын 2017 оны төсвийг тодотгохоос аргагүй байдалд орно. Гэтэл ХМХ-ээр Цагаан сараас өмнө ахмадууд “Насны хишиг”-ээ авна гээд байдаг.

Цагаан сараас өмнө ахмадууд олгож амжих уу? 65-69 насныханд 50 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгоно гэж заасан байна л даа. Тэгвэл эдийн засаг сайжирсан үед энэ хэмжээг нэмнэ гэсэн агуулгыг оруулж болохгүй юу?

Эрдэнэт үйлдвэрийн хувь хэмжээ шийдэгдэж, Оюу толгой, Таван толгойн төслүүд хөдөлгөж эхлэхээр “Насны хишиг” олгож буй доод хэмжээг нэмэх хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засаг одоогийн нөхцөл байдлаасаа бүүр дордвол яах вэ? Тэгвэл “Насны хишиг”-ийн доод хэмжээг 50 мянгаас бууруулж болно шүү дээ.

Л.Энх-Амгалан: Цагаан сараас өмнө Насны хишгийг 120 гаруй мянган ахмад настанд олгоно

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа “Насны хишиг”-ийг 121905 хүнд олгоно гээд 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан шүү дээ. Тиймээс энэ Цагаан сараас өмнө “Насны хишиг”-ийг дээр дурдсан тооны ахмадуудад олгоно. Ахмадуудын ихэнх нь орлого багатай, орлогогүй байна гэдэг нь үнэн.

Харин Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар тэтгэврийг зөвхөн инфляцийн түвшинтэй уяж нэмдэг байсныг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляци гэсэн гурван үзүүлэлтийг харгалзан нэмдэг болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn