Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн гэж үзэв
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.27

Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн гэж үзэв

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэлээ. 

Ц.Даваасүрэн: 113 зүйл заалттай хуулийн төсөл байна. Хуулийн төслийг боловсруулахдаа ихээхэн цаг, хүч хөдөлмөр зарцуулсан байх. Гэхдээ уг хуулийн төсөл нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас хэлэлцэх эсэхийг дэмжих боломжгүй.

Тухайлбал, хуулийн төслийн 31,3 дахь хэсэг нь Хэсэг бүлэг этгээд УИХ-ын даргад өгч, дарга гишүүнд мэдэгдэн, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлнэ. Тус байнгын хороо тухайн асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой гэж заасан нь хууль санаачлагчийн эрхэнд халдсан заалт гэж үзэж байна.

Үндсэн хуульд заасан ёсоор бол ард түмэн буюу төлөөлөл болгож сонгосон УИХ-ын гишүүнээрээ дамжуулж, төр барина гэдэг. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүдтэй иргэд, олон нийт өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, хуулийн төсөлд санал хэлэх, хуулийн төсөл боловсруулах санаачилга гаргаж ирсэн. Хууль зөрчиж, аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж оруулж ирсэн бол албан тоотоор хариу өгдөг.

Тиймээс хууль тогтоох дээд байгууллага УИХ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж болохгүй. Иргэдийн хүсэлтэд албан хариу өгч байна уу, үгүй гэдгийг мэдэхгүй байж ингэж ярьж болохгүй. Иргэдтэйгээ харьцах нь бидний гол ажил.

Иргэдээс санал агуулга авах тухайд бол Ард нийтийн санал агуулгын тухай хууль гэж бий. Уг хуулийг шинэчлэн найруулж болно.