Энхбаяр.Ж 2017.01.27 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Онцгой байдлын албан хаагчдын эрх зүйн байдал, баталгааг төрийн цэргийн бусад байгууллагатай нэгэн адил болгоно

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хорооны 2017 оны 2 дугаар тоот тогтоолоор дээрх шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар ажилласан.

Байнгын хорооны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараах саналуудыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үүнд, 

- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг олон улсын нэр томьёог өөрийн орны онцлогт нийцүүлэх, нэр томьёо, чиг үүргийн давхцлыг арилгах

- Гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, түүний эрх, үүргийг нарийвчлан тогтоох, сахилга, хариуцлагыг өндөржүүлэх

- Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд системтэйгээр зохион байгуулах, хэрэгжүүлэх зохицуулалтыг оновчтой болгох

- Гамшгийн өмнөх болон болж байх үе, түүний дараах үйл ажиллагааг дэс дараатай, шаталсан, ялгаатай байдлаар нарийвчлан тусгах

- Дотоодын болон гадаадын гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгах

- “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, Батлан хамгаалахын багц хуулиудын үзэл санаа, заалтуудад нийцүүлэн онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинээр тодорхойлох

- Төрийн цэргийн байгууллагуудын хувьд нэгдмэл байх зарчмын шаардлагыг хангах, бие даасан үйл ажиллагаа явуулах

- Албан хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг төрийн цэргийн бусад байгууллагын албан хаагчдын нэгэн адил болгох, үйл ажиллагааны онцлогт тохирсон бусад баталгааг эдлэх боломжтой болгох

- Хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэр томьёотой холбогдсон өөрчлөлтүүдийг тусгах талаарх саналуудыг хэлэлцэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Энхболд нар төсөлд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбогдсон хэсэг нэмэх, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн нар онцгой байдлын албан хаагчийн онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байлгах, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны дарга, тэргүү дэд даргад цэргийн дээд цол олгож болох талаар нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эдгээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа