Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоов
Улсын Их Хурлын чуулган
2017.01.26

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад хувийн 52.6 ирцтэй эхэлж, нийтдээ 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж тус тус заажээ. Түүнчлэн уг хуулийн 16.6 дахь хэсэгт гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тогтоохоор тусгасан байна. Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Гантулга нар холбогдох Байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 46 нь буюу 86.6 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.