Баасанхүү.О 2017.01.27 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: 60 сая малтай гэдэг худлаа. Малынхаа 4 хөлийг тоолдог байх

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016.12.28 Засгийн газрын өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн , төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Баасанхүү төслийн хяналтын тогтолцооны хэсэг алга гээд байр сууриа илэрхийллээ. 

О.Баасанхүү:

Мал хүн шиг ярьдаг байсан бол их юм ярих юм байсан даа. Хүний эмчилгээ дээр алдаа гаргасан, буруу эм шахсан, бөөнөөр нь хордуулж алсан бол өдийд тэрийг хийсэн хүн нь ял зэмээ авчихсан байгаа.

Малын дээр маш их ийм зүйл болж байгаа. Үүний хийсэн хүмүүс нь ял зэм авах байтугай улам их тендер авч, улам хүчтэй гар хөлөө оруулж явдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд хамгийн гол нь хяналтын тогтолцоо алга.

Манай гишүүдийн зарим нь мал маллаж үзээгүй мөртлөө малыг сайн мэддэг, малчдаа ч сайн ойлгох юм. 

Малчин хүний удам, мал маллаж байсан хүний хувьд шударгаар хэлэхэд өөрийн бодлоор мэддэг мэт ярих хэрэггүй. Хуулийн төсөл дээр бүхэл бүтэн бүлэг алга.

Мэргэжлийн хяналт гэдэг байгууллагаараа хянуулаач ээ. Стандарчилал хэмжил зүйн газар гэж байгаа бол стандартынхан асуудлыг оруулж ирээч ээ. Өгөгдөл нь байна хяналт, стандарт нь алга энэ төсөлд. Ийм хуулийн төслийг яаж батлах юм бэ.

МАА дээр тулгуурлаж эдийн засаг хөгжүүлнэ гэж байна. Гэтэл 10 сая тонн мал гаргана гэх шиг. 10 сая байтугай 1 сая тонн гаргах бололцоо байхгүй.

Хүний тоо арай гэж 3 сая хүрч байхад малын тоо 60 сая гэж байна. 3 сая хүн УБ-т багтаж ядаж байхад 60 сая мал талын нэг бэлчиж байгаа даа. Энэ бол шал худлаа тоо.

Эсвэл 4 хөлнийнхөн тоогоор малаа тоолоод байгаа юмуу.  Магадгүй тэгж тоолж байгаа байх. Яагаад гэвэл вакцинаа, янз бүрийн татаасаа авахыг тулд худлаа тоо гаргаж байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Дэлхийн мал эмнэлэгийн байгууллагаас нэг ч удаа төсөл авч байгаагүй байна. Олон улсын ямар ч стандарт Монголд оруулахгүй байна. Яагаад гэвэл энэ чинь ч бас нэг МАФИ.  Та нарын ярьдаг сүлжээ.