Энхбаяр.Ж 2017.01.27 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар гутамшигтай байдал байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016.12.28 Засгийн газрын өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн , төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийг дэмжиж ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ж.Энхбаяр: 

Энэ зөвхөн малын асуудал биш Монгол улсын өнөөгийн уул уухайгаас хамааралтай эдийн засгийн хямралт байдалтай хамааралтай гэж ойлгож байгаа. Бид мал, амьтнаа эрүүлжүүлж чадвал хөнгөн үйлдвэрлэлийн салбараа сэргээж чадна. Ингэснээр эдийн засаг уул уурхайгаас ангид орших боломж бий болно.

1990 оноос өмнө хийж чаддаг байсан зүйлээ л дахиж хийх тухай ярьж байгаа юм. Тэр үед бид жилдээ 10 сая хүртэлх толгой мал экспортолдог чадавхтай МАА-тай, ХАА гаралтай түүхий эдээ 100 хувь боловсруулдаг аж үйлдвэрлэлийн бааз суурьтай, мэргэжлийн боловсон хүчинтэй, ШУ-ны хүрээлэнтэй, 800-900 мянган тонн үр тариа хураан авдаг газар тариалан хөгжчихсөн, МУ бол ХАА, аж үйлдвэрлэлийн улс болж чадчихсан байсан.

Өнгөрсөн 25 жилд бид энэ тал дээр ухралт хийсэн. МУ-ын ХАА салбар дэлхийн хөгжлөөс 20-30 жилээр хоцорч явна гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.

П.Сэрлэн сайд, түүний баг нөхцөл байдлыг зөв оношилож байна гэж хэлэх гээд байна. Тийм ч учраас салбарын гол суурь хуулиудыг оруулж ирж байна.

Яагаад 100 үхэртэй Монгол малчин амьдралаа чадан ядан өнгөрөөж байхад, 100 үхэртэй Америк, Австрали малчин долларын саятан болчоод байгаа юм. Яагаад бид сүүнийхээ 80 хувийг импортоор авч байгаа юм. Хамгийн эмгэнэлтэй байдал гэвэл сүүлийн үед махаа импортоор авдаг болсон. Энэ түргэн хоолны мах, рестораны стайк мах бүгд импортоор орж ирж байгаа. МУ-ын ХАА салбар гутамшигтай байдалд орсон.

ХАА салбараа босгож чадаагүйгээс ажилгүйдэл бий болсон. Энэ бидний том бодлогын алдаа. Бидний хямралаас гарах гол зүйл маань энэ салбар болно. Хангалттай улстөржлөө. тэрбум долларын мах экспортлоно гэж яриад л байсан нэг ч долларын мах гаргаж чадаагүй. Үндсэндээ махны экспорт хулгайн аргаар явж байгаа. Биедээ ороож, машины дугуйд чихэж гаргаж байгаа. Бодит байдал гутамшигтай байгаа.

Бид ХАА дээр тулгуурлаж л амар тайван амьдарна. Тиймээс ХАА салбарыг бүх талаар бодлогын хувьд дэмжих ёстой. ХААИС, Хүрээлэнгүүдийн яаманд өгөх ёстой. Нэгдсэн удирдлага бодлогоор удирдах ёстой.