БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2017.01.27

Ж.Батсуурь: Инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд арилжаалах үндэсний төв байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж тавьсан агуулгын хариуг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцуулсан юм. 

Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар

Монгол Улсын Их хурлын 2012 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан Инновацийн тухай хууль нь шинэ мэдлэг, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх замаар баялаг бүтээх эрх зүйн орчныг бий болгох, инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэгийн талаарх харилцааг зохицуулах зорилготой.

Инновацийн тухай хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай байна. Энэ нь инноваци, өндөр технологийн асуудал доголдсонтой холбоотой гэж үзэж болохоор байна. Инновацийн асуудал хариуцсан чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /2008-2010 болон 2015-2016/, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /2010-2012/, Эдийн засгийн хөгжлийн яам /2012-2014/, 2016 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус тус хариуцан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор УИХ-аас Инновацийн тухай хуульд 2013, 2015 онуудад оруулсан өөрчлөлтөөр уг хуулийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай байсан зарим зүйл, заалтууд хүчингүй болсон. Тухайлбал, Инновацийн тухай хуульд 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр венч хөрөнгө оруулалтын талаар цогц асуудлыг, мөн 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр инновацийн сангийн талаарх асуудлыг хүчингүй болгосон. Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн гол хөдөлгүүр болсон дээрх хоёр асуудлыг хуулиас хассан нь Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог бүрэлдүүлэх, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, санхүүжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Засгийн газрын 2015 оны 27 дугаар тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн бус орлогыг банкинд байршуулж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалтаар захиран зарцуулах” эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд олгохыг зөвшөөрч, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага инновацийн үйл ажиллагаанаас олсон орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон. Гэвч энэхүү заалтыг цуцлах шаардлагатай гэсэн албан бичгийг Үндэсний аудитын газраас ирүүлсэн бөгөөд энэ нь эрдэм шинжилгээний байгууллага орлого олох, орлогоо захиран зарцуулах бололцоогүй болгоод байна.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Уг зорилтыг биелүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал боловсруулах ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байгаа болно.

Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон хэлбэр, төрийн дэмжлэгийн механизм бий болгох, эрдэмтэд судалгааныхаа үр дүнг эзэмших, ашиглах, зах зээлд гаргах, инновацийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа компаниудын хувьд гарааны санхүүжилт, урамшууллын асуудлыг тодорхой болгох, санхүүгийн байгууллагуудын хувьд хөрөнгө оруулах, түүнээс ашиг хүртэх нөхцөл, тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Эрсдэл өндөртэй бизнесийг дэмждэг, санхүүжүүлдэг, мөн хөрөнгө оруулалт хийх замаар гарааны компанийг дэмжин ажилладаг цоо шинэ тогтолцоо бүхий үр ашигтай Инновацийн санг байгуулах шаардлагатай байна.

Үүний тулд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах, инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны компанийг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий Инновацийн сангийн хууль, эрх зүйн орчныг бий болгох, уг санг улсын төсвийн хөрөнгөөр байгуулан, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хэрэгтэй байна.

Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч бөгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, улмаар эдийн засгийн дэвшилд хүргэдэг. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн онцлогт тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтад хүрдэг.

Засгийн газраас мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ШУ-ны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, инновацийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийж эхлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөгжлийн хөтөлбөрийг 2016 оны гуравдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тухайн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулсан.

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БСШУСЯ-наас дараах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Үүнд,

1. Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого:

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын гол зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх талаар төрөөс тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлэх бодлого, зорилт тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон Монгол Улсын онцлогт тохирсон үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгийн эдийн засгийг төлөвшүүлэх, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа болно.

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын төсөл нь зөвхөн шинжлэх ухаан, технологийн төдийгүй эдийн засгийн тодорхой салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын баримт бичиг болно гэж үзэж байна.

Бодлогын баримт бичгийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгах болно. Үүнд,

-Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого нь шилдэг мэдлэг, туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, баялаг болгон хувиргах, нөгөө талаас хувийн хэвшил, нийтийн инновацийн боловсрол, бүтээлч сэтгэлгээг бий болгоход чиглэгдэх бөгөөд төр-шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны хоорондоо нягт уялдаатай нэгдмэл бодлогоос бүрдэж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга механизм,

- Удирдлага зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үндэсний инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж чиглэл өгөх үүрэг бүхий Зөвлөл байгуулах, инновацийн бүтээгдэхүүнийг дэмжих зорилго бүхий Инновацийн сан байгуулах, инновацийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх талаар,

- Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн тогтвортой хамтын ажиллагаа, хамтарсан үйл ажиллагааг дэмжин урамшуулах санхүүгийн хөшүүргийг бий болгох чиглэлээр инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн механизмд шинэчлэл хийж, олон хэлбэр бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, инновацийн үйл ажиллагаанаас олсон орлогоо захиран зарцуулах эрхийг төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад олгох, технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан, дэвшилтэт технологи нутагшуулсан аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжих талаар,

- Нийгэмд бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр инновацийн боловсрол олгох, анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах замаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, аж үйлдвэр, инновацийн тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг тасралтгүй бэлтгэх тогтолцоо бий болгож, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаадад ажиллаж амьдарч байгаа өндөр мэдлэг, чадвартай хүний нөөцийг Монголд авчрах, тэдний мэдлэг туршлагыг ашиглах, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

- Инновацийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр технологийн инкубатор, туршилтын үйлдвэр, технологи дамжуулах төв, бизнес-инкубатор, хурдасгуур, туршилтын үйлдвэр компани, шинжлэх ухааны паркийг байгуулах, инновацийн тэргүүлэх чиглэлд хамаарах дэд бүтцийг байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, төсвийн болон төсвийн бус эх үүсвэртэй санхүүгийн байгууллага, венчур сан байгуулахыг төрөөс дэмжих, оюуны өмчийн мэдээлэл, түүнийг ашиглах нэгдсэн тогтолцоо, дэд бүтцийг бий болгох, Инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд арилжаалах үндэсний төв байгуулах, орон нутагт инновацийн суурь бүтцийг хөгжүүлэхэд улсын болон орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх талаарх зохицуулалтыг тусгана.

2. Инновацийн үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл

Инновацийн тухай хуулиар Засгийн газрын инновацийн үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн чадавхи, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор инновацийн стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэж байна.

Энэ чиглэлд эрдэс түүхий эдэд суурилсан дэвшилтэт технологи, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан эко бүтээгдэхүүний өндөр технологиг, материалын химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн дөрвөн стратегийн чиглэлийг тусгаж, эдгээр чиглэлд улсын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлж байх талаар тусгана.

3. Үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр:

Монгол Улсын онцлогт тохирсон, эх орны судалгаа боловсруулалт, аж үйлдвэрийн салбарын эрэлт, хэрэгцээг хангахуйц, дэлхий дахины цаашдын хөгжилд Монгол Улсын байр суурийг баталгаажуулахад дөхөмтэй үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолоор Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015/-ийг баталж, 2015 он хүртэл хэрэгжүүлсэн.

Энэхүү хөтөлбөр нь Инновацийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, төрийн өмчит их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих, Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих гэсэн дөрвөн дэд хөтөлбөрөөс бүрдсэн бөгөөд дэд хөтөлбөр бүрээр зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг нарийн судалгаанд үндэслэн тодорхойлж баталсан.

Энэ баримт бичигт инновацийн талаар баримтлах бодлогын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, инновацийн үйл ажиллагааны хэлбэр, тэдгээрийг төрөөс дэмжих арга зам, инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг инновацийн үйл ажиллагаанд оролцогчдод тулгамдаж байгаа асуудалтай холбоотой арга хэмжээг аль болох цогц хэлбэрээр хэрэгжүүлэхээр зорьж байна.