Б.Энхболд: Иргэдийн хурлын төлөөлөгчдөө давхар дээлтэй болгохоор зүтгүүлж эхэллээ
НИТХ - ын нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн багшаар ажиллаж байсан улс төр судлаач Бөхчулууны Энхболд
2017.01.30

Б.Энхболд: Иргэдийн хурлын төлөөлөгчдөө давхар дээлтэй болгохоор зүтгүүлж эхэллээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан НИТХын нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн багшаар ажиллаж байсан улс төр судлаач Бөхчулууны Энхболдтой ярилцлаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг буруу гэж та байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаар яриагаа эхэлье?

Энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал Монгол Улсын Төрийн албаны зарчим үгүй болно. Үр дүнд нь Монгол Улс хохирно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, Нийслэл, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн Захиргааны албан хаагчаар ажиллаж болох нэмэлт өөрчлөлтийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд оруулах гэж байна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалтан төлөөлөгчдийг төсвийн мөнгө захиран зарцуулах эрх бүхий хангамжтай дарга нар болгох нь. Нэмэлт өөрчлөлт батлагдвал Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах ёс, Төрийн албаны ангилал зарчим устана гэсэн үг. Хатуухан хэлбэл Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн үндсэн зорилго ч алга болж байна гэсэн үг. Сонгогдсон төлөөлөгчдөө дарга болгох гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ч урьтан дэндүү яарах нь бидэнд л хортой. Бид нэг Монгол шүү дээ.

Улс төрийн албан тушаалтан төлөөлөгчдийг төсвийн мөнгө захиран зарцуулах эрх бүхий хангамжтай дарга болгох гэж улайрахын шалтгаан юу вэ?

Засаг дарга, Ерөнхий сайддаа ч захирагддаггүй, иргэдээ төлөөлөх биш эрх ашгаа төлөөлсөн төлөөлөгчдийг бий болгох үндэс суурийг тавьж байна гэсэн үг. Дарга болно гэж бодож баярлаж буй төлөөлөгчдөө ч, хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй болон эс үйлдэхүй хийж буй Хурлын дарга, Засаг дарга нартаа ч халгаатай найран дундаа хяналтгүй системийг үүсгэх болно. Хариуцлага хүлээх болохоороо би төлөөлөгч гээд л, хурлын ирц ч хүрэхгүй хэцүү байдалд хүргэнэ дээ. Нэмэлт өөрчлөлт хийх гэж буй үзэл баримтлал, үндэслэлийг нь харлаа даанч яав даа. Дарга нь биччих гэсэн байх л даа. Түүнээс тамгын газрын ажилтнууд мундаг шүү дээ.

Ерөөсөө Ардын намын улстөрчид орон нутгийн сонгуулиар суудал авсан Иргэдийн хурлын төлөөлөгчдөө хүртэл төрийн албанд оруулж, давхар дээлтэй болгохоор зүтгүүлж эхэллээ. Ингэснээр Монголд ёс төдий байдаг нутгийн өөрөө удирдах ёс устаж, төрийн захиргааны албаны хавсарга болно гэсэн үг. Үндсэндээ төрийн албаар намын гишүүд, МАН-ын­хан дүүрнэ гэсэн үг л дээ.

Энэ хуулийн төслийг татан авах хүсэлт гаргасан уу?

Дэгийн тухай хуульд төсөл санаачлагчид нь аль ч шатанд татан авч болдог зохицуулалттай тул энэ нэмэлт өөрчлөлтийг татан авч ул суурьтай асуудлаа оруулахыг уриалж байна. Дагалдах хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Төрийн албаны хуулийн ганц заалтанд оруулах биш концепцийн маш том өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлт шаардлагатай.

Зөвхөн Төрийн албаны хуульд ч биш, Төсвийн тухай хууль, Нэгжийн тухай хуульд маш олон заалт өөрчлөгдөхөөр байна. Олон улсын бүх байгууллага нь зөвлөж л байдаг, төсөл хэрэгжүүлээд л байдаг. Энэ талаар учир мэдэх эрхэм гишүүд, хэвлэл мэдээлэл, судлаачид нь дуугарах ёстой. Учир нь энэхүү нэмэлт өөрчлөлт нь Төрийн албаны өргөн баригдсан хуулийн төслийнхөө үндсэн зарчимтай огт нийцэхгүй байгаа юм. Гол шалтгаан нь улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаал давхар хаших боломж олгох асуудал учраас тэр.

Одоогоор Тээвэр, Хот тохижилт гэх мэт орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар төлөөлөгчид байгаа, үүнийг зөв буруу гээд олон янзын санал яригдаж байхад энэ нэмэлт өөрчлөлтөөр Аймаг, Нийслэл, Дүүргийн тамгын газрын дарга, Боловсролын газрын дарга, Ерөнхий төлөвлөгөөний дарга төлөөлөгч байж болохоор болчихлоо. УИХ, НИТХ, ДИТХ, сум, хорооны ИНХ зэрэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн хуулийн зарчмаар байгуулагддаг. Тиймээс төрийн захиргааны ажил давхар эрхлүүлэх боломжийг хуулиар олгох нь Үндсэн хуультай зөрчилдөхөөс гадна, иргэ­дийн Үндсэн хуулиар ол­госон сонгох эрхэнд халд­сан болчимгүй үйлдэл юм.

Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн болон бусад хуулийн зарим зүйл заалтыг зөрчих нь ээ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, 3-т “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хур­лыг дөрвөн жилийн хуга­цаа­гаар сонгоно. Эдгээр хурлын болон сум, дүүр­гийн хурлын төлөө­лөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тог­тооно” гэж заасан байдаг.

Иргэдийн төлөөлөгчид нь сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга нарыг дур зоргоороо авирлахыг хазаарлаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, сонгогч иргэдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Одоо тэгвэл нийт төлөөлөгчийн гуравны нэг нь аль нэг төрийн албан тушаал давхар хашиж, Засаг дарга нарынхаа дуулгавартай хүүхэлдэйнүүд болон хувирах нь байна. Засаг даргаас цалин авдаг төлөөлөгчид ноёноо хянаж чадахгүй нь ойлгомжтой.

Засгийн газраас санаачилсан энэ хуулийн төсөл нь Үндсэн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг тус тус зөрчиж байна.

Энэ нэмэлт өөрчлөлтийг батлуулахгүйн тулд ямар алхам хийх бодолтой байна?

Би бусад холбогдох хуульчидтай хамтраад асуудлыгҮндсэн хуулийн цэцэд тавина гэж бодож байна. Бид чимээгүй харж суусаар энэ хуулийн төсөл батлагдах юм бол төрийн албанд маш том хор уршиг авчирна. Иргэд ч үүнийг ойлгох хэрэгтэй. Таныг төлөөлнө гэж гарч ирсэн хүн эргээд эрх мэдэлтэй албан тушаалтан болохын төлөө ийм амлалтууд өгч байсан байх нь. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийхээс өмнө яарч ийм хууль оруулж ирж байна. Хэрэв Үндсэн хуулийнхаа тогтолцоог эвдсэн зохицуулалтуудыг хийгээд ажиллах юм бол 2020 онд аль ч нам ялалт байгуулсан намд ашигтай бус ард түмэнд ашигтай тогтолцоо бий болгох чиглэл рүүгээ л өөрчлөлт чиглэгдэх ёстой. Тиймээс энэ нэмэлт өөрчлөлт нь ерөөсөө цэвэр улс төрийн ашгийн үүднээс төрийн албыг үндсэнд нь үрэн таран хийх хуулийн төсөл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Уг нь төрийн албыг чадавхтай болгохын тулд төлөөлөгчдийн төлөөлөх чадвараа нэмэгдүүлэх, төрийн захиргааны байгууллагад хяналт тавих, иргэдтэйгээ, тойрогтойгоо ажиллах, тэр чиглэлийн заалтуудыг нэмж оруулах ёстой байсан гэж гарцыг нь харж байна. Ядаж л муу хэлүүлээд байдаг урамшууллыг нь зөвшөөрье л дөө. Хуульдаа ч төлөөлөгч өөрийнхөө сонгогдсон тойрогтоо ажиллах, тайлангаа тавих, иргэд сонгогчидтойгоо уулзах, хуралд оролцсон ирцээ үнэлүүлээд урамшууллаа авч болно. Урамшууллын хувь хэмжээг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно гэж заасан байгаа. Ер нь төрийн алба гэдэг цомхон бөгөөд чадварлаг байх ёстой.