Монголын Бизнесийн Зөвлөл: 2016 оны тойм, 2017 оны зорилт
Монголын Бизнесийн Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын сарын хурал
2017.01.30

Монголын Бизнесийн Зөвлөл: 2016 оны тойм, 2017 оны зорилт

Өнгөрсөн долоо хоногт Монголын Бизнесийн зөвлөлийн 2017 оны анхны бүх гишүүдийн сарын хурал болж өнгөрлөө. Бест Вестерн Премьер Туушин зочид буудалд болсон уг хуралд тус Зөвлөлийн гишүүд маш идэвхтэй ирж оролцсон юм.

Цаашид сар бүрийн сүүлийн долоо хоногийн Даваа гараг бүр Туушин зочид буудлын хурлын танхимд сарын хурлаа зохион байгуулахаар тогтлоо.

Энэ удаагийн сарын хурлын гол онцлог нь 2016 оноо дүгнэх, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэх явдал байлаа. Ингээд сарын хурлаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна. 

Сарын хурлын эхэнд Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн "Зөвлөлийн зорилго, үнэт зүйлс, алсын хараа" сэдвээр танилцуулга хийсэн бол үргэлжлүүлэн тус зөвлөлийн Хамтын ажиллагаа хариуцсан менежер Х.Отгонгэрэл "Зөвлөлийн таниулан сурталчлах, нөлөөллийн ажлууд: 2016 оны тойм, 2017 оны зорилт", Төслийн менежер Э.Саруул "Зөвлөлийн хүрээнд өрнөсөн үйл явдлууд: 2016 оны тойм, 2017 оны зорилт" сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн ажлын хэсгүүд

Тус зөвлөлийн Бизнесийн ёс зүйн ажлын хэсгийн даргаар Кристен Худетц ажилладаг. Тус ажлын хэсэг өнгөрсөн онд нийт 5 арга хэмжээ зохиосноос Транспэрэнси Интернэшнл Монгол, Авлигатай тэмцэх газар, Монголын Бизнесийн зөвлөл хамтран "Ил тод, бизнесийн үйл ажиллагааг дэмжих" сэдэвт семинарыг онцолж болох юм. Бизнесийн ёс зүйн ажлын хэсэг нь 2015 онд шинээр байгуулагдсан бөгөөд Монголын бизнесийн орчныг сайжруулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна.

Хөрөнгийн зах зээлийн ажлын хэсэг нь хувьцаа эзэмшигч, өрийн удирдлага, моргейжийн зээл, хувийн хөрөнгө оруулалт, венчур хөрөнгө оруулагч, даатгал зэрэг өргөн хүрээг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг. 2016 онд Оюу толгой төслийн санхүү, Кастодиан банкны шинэчлэл зэрэг асуудалд төвлөрөв. Уг ажлын хэсгийн даргаар Б.Өлзийбаяр ажиллаж байна.

Боловсрол, инновацийн ажлын хэсгийн даргаар Г.Энхболор ажилладаг тэрээр багаа удирдан өнгөрсөн онд гурван томоохон арга хэмжээ зохиосон юм. Ажлын хэсгийнхэн Монголын Энтрепренерүүдийн анхны томоохон чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. 

2016 оны шилдгийн шилдэг ажлын хэсгээр Эрчим хүч, байгаль орчны ажлын хэсэг тодорсон. Уг ажлын хэсэг нь 2010 онд анх Хүрээлэн буй орчин гэсэн нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд нийт 7 арга хэмжээ зохиожээ. Ажлын хэсгийнхэн агаарын бохирдолтой тэмцэх, эрчим хүчний үр нөлөө, ухаалаг сууцны шийдэл, хотын дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, инноваци зэрэг улс орны өмнө тулгамдаад буй олон асуудлыг шийдэхийн төлөө ажилласан байна.  

2016 онд гишүүддээ хамгийн их мэдээлэл түгээсэн ажлын хэсгээр Татварын ажлын хэсэг тодорсон бол хамгийн их идэвхтэй ажилласан ажлын хэсгээр Эрсдлийн ажлын хэсэг, шилдэг ажлын хэсгээр Хууль зүйн ажлын хэсэг шалгарлаа. 

Татварын ажлын хэсгийн дарга Ч.Цэндмаа, Хууль зүйн ажлын хэсгийн дарга Себастьян Рошолт

2016 оны тойм /үйл явдал/

- 11 удаагийн сарын уулзалт

- 53 арга хэмжээ /найман ажлын хэсгийн зохион байгуулсан/

- 9 мэдлэг, туршлага солилцох сургалт-уулзалт

- Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт

- 3 олон улсын хөрөнгө оруулагч, худалдааны төлөөлөгчдийн уулзалт

- Авьяаслаг Зөвлөлийн гишүүд Шинэ жилийн цэнгүүн

- З энтертайнмент арга хэмжээ 

- 10-20 хэлэлцүүлэг

- Дэмжиж оролцсон арга хэмжээ: 12

- Хамтран зохион байгуулсан арга хэмжээ: 7

- Зохион байгуулсан: 3

2016 оны тойм /нөлөөллийн ажлууд/

-Бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг 1000 хувь хэвлүүлж, УИХ, Засгийн газар, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, ХМХ-д хүргүүлсэн.

- Засгийн газрын 2016-2020 он хүртэл үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Зөвлөлөөс гаргасан бодлогын баримт бичгийг авч ашигласан.

- Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн нь Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллах болов.

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслий хэлэлцүүлэгт Татварын болоод Хууль эрх зүйн ажлын хэсгийнхэн оролцов.


2016 он бол сайжралтын жил байлаа

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

 

Товчхон хариулна уу, 2016 он танай зөвлөлийн хувьд ямар жил байв?

2016 он бол Монголын Бизнесийн Зөвлөлийн хувьд огцом сайжралтын жил гэж дүгнэж байна. Өнгөрсөн онд манай зөвлөл бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс төр, засагт дуу хоолой хүргэх зорилготой 11 томоохон ажил хэрэгжүүлсэндээ сэтгэл хангалуун байна.

Мөн 100 гаруй арга хэмжээг бие даан, хамтран зохион байгуулсан юм. Зөвлөлийн найман ажлын хэсэг нийт 53 арга хэмжээ хийжээ. Эдгээрээс хэд хэдэн арга хэмжээг тодотгож болох юм.

Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Нью-Йорк, Токио зэрэг дэлхийн алдартай хотуудад болдог “Yelloween Masquerade Ball” шоуг Монголд анх удаа хийж, гишүүддээ оролцуулсан.

Монголын бяслаг эрхлэгч компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Амарбаясгалант хийдийн дор зургаан сар хадгалсан бяслагийг анх удаа олон нийтэд дэлгэсэн “Монгол бяслаг ба дарс” нэртэй арга хэмжээг хийлээ.  

Энэ мэт үр дүнтэй олон арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагаагаа сайжруулсан. Төр засагтай хамтран ажиллах эхний алхмуудыг хийлээ. Зөвлөлийн гишүүдийн хүрээ тэллээ. 2017 онд үүнээс ч илүү амжилттай ажиллана.

Зөвлөлийн ажлын хэсгүүд өнгөрсөн онд юу хийсэн, энэ жил юу хийхээ танилцууллаа. Тэдний ажил хэр үр дүнтэй байв? Төлөвлөж буй ажлууд нь хэр бодитой сонсогдож байна?

Манай зөвлөлийн гишүүд цаг заваа гарган энэ өдөр, энэ цагт “Туушин зочид буудал”-ын хурлын танхим дүүрэн цугларсан байна. 2016 онд Монголын Бизнесийн зөвлөл юу хийв, 2017 онд юу хийх гэж байгааг сонсож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, маш идэвхтэй байлаа.

Найман ажлын хэсгийн дарга нар ажлынхаа хажуугаар Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монголд бизнесийн таатай орчин бүрдүүлэх үүднээс хичээн ажилладаг.

Гишүүд дундаас ажлын хэсгийн гишүүд бүрдэж, даргаа ч сонгодог учраас хийж, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнүүд нь үр дүнтэй болдог.

Татварын ажлын хэсэг, Хууль эрх зүйн ажлын хэсгийг яагаад 2016 оны шилдэг ажлын хэсгээр шалгаруулав?

Шилдгийн шилдэг ажлын хэсгээр Байгаль орчин ба эрчим хүчний ажлын хэсэг тодорсон. Татварын ажлын хэсгийн хувьд хамгийн их мэдээлэл түгээсэн, хамгийн идэвхтэй ажилласан ажлын хэсгээр Эрсдлийн ажлын хэсэг шалгарсан юм.

2016 онд ихэнх ажлын хэсгийнхэн дунджаар 4-5 арга хэмжээ зохион байгуулсан байхад Эрсдлийн ажлын хэсгийнхэн 7 арга хэмжээ хийсэн байх жишээтэй.

Эрсдлийн ажлын хэсгийн дарга Б.Заяагийн хэлсэнчлэн тус ажлын хэсэг 300 гаруй хүнийг хамруулсан Эрсдлийн форумыг тун амжилттай зохион байгуулсан юм.

2017 онд болох урьдчилан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдээс та юуг онцлох вэ?

Монголын Бизнесийн Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа өөрөө маш чухал. Ирэх зургадугаар сард Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёрдугаар чуулга уулзалт болно гэж төлөвлөгдсөн нь хамгийн том арга хэмжээ байх болов уу. Зөвлөлийн гишүүдийн шинэ жилийн цэнгүүн улам гоё болох байх. Мөн хөрөнгө оруулагчдын уулзалтууд бол маш чухал ач холбогдолтой.

Бид Хойд Америкийн бизнесийн зөвлөлтэй хамтарч ажилладгийн хувьд мэдээлэлтэй илүү ойр байж, хамтран зохион байгуулах арга хэмжээнүүд илүү амжилттай, үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.

Сүүлийн асуулт. Зөвлөлийн гол зорилго бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг Засгийн газарт хүргэх шүү дээ. Тэгвэл 2016 онд Засгийн газар хэр “чих зөөлөн” байв? 2017 онд ямар байх бол?

2016 он бол сонгуулийн жил байсан учраас Засгийн газар илүү нээлттэй ажилласан гэж бодож байна. Хүмүүсийн ярьдгаар бол сонгогдсон эхний жилдээ төр, засгийн “чих зөөлөн” байдаг гэдэг.

Гэхдээ 2017 онд өмнөхөөсөө илүү үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Учир нь Зөвлөлийн гүйцэтгэх захирлын хувиар Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан. Үүнийг Засгийн газартай нягт хамтран ажиллах нэг боломж гэж харж байна. 

2017 онд газар хөдлөлтийн эрсдэлд төвлөрч ажиллана

Мандал даатгал компанийн Андеррайтинг хариуцсан захирал, Монголын Бизнесийн Зөвлөлийн Эрсдлийн ажлын хэсгийн дарга Б.Заяа

Эрсдлийн ажлын хэсэг өнгөрсөн онд маш идэвхтэй ажилласан гэж хурлын үеэр Ч.Мэргэн захирал онцоллоо шүү дээ. Идэвхтэй ажилласан гэж юуг хэлээд байна вэ?

Ажлын хэсгийн гишүүд зургаан долоо хоног тутамд нэг удаа уулзаж байсан. Үүгээрээ тасралтгүй идэвхтэй ажиллагаатай ажлын хэсэг гэж ойлгож болно. Уулзалтаас гарсан үр дүн, мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь Зөвлөлийн бусад гишүүдтэй хуваалцаж ирсэн. Энэ бүхнийг Зөвлөлийн удирдлагууд нилээд үнэлсэн болов уу гэж бодож байна.

Мөн “Эрсдлийн форум”-ыг 2016 оны 11 дүгээр сард долоо дахь удаагаа уламжлал болгон амжилттай зохион байгуулсан бөгөөд форумд 350 хүн оролцсон юм. Эрсдлийн ажлын хэсэг гэдэг утгаараа бизнесийн салбарт дуу хоолой болж чадсаныг үнэлсэн байх.

Ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд Зөвлөлийн гишүүд хэр идэвхтэй оролцдог вэ?

Маш идэвхтэй оролцдог. Эрсдлийн форум дээр илтгэл тавья, хэлэлцүүлэгт оролцьё гэж саналаа илэрхийлж, оролцож байсан.

Мөн ганцхан жишээ хэлэхэд, Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авахаар болохолд Зөвлөлийн бүх гишүүн ямар нэгэн байдлаар саналаа оруулсан.

Тэд өөрсдийн бизнест тулгарч болох эрсдлийг урьдчилан хараад, түүнийгээ төрийн бодлого, хуулийн төсөлд тусгах хүсэлтэй байсан.

Эдгээр хүсэлтийг Эрсдлийн ажлын хэсгийнхэн нэгтгэж, Онцгой байдлын Ерөнхий газарт хүргүүлсэн. Энэ мэт жишээнээс харахад гишүүдийн дуу хоолой хүрэх ёстой газартаа хангалттай хүрч чадаж байгаа гэж хэлж болно.

Таны хувьд яагаад Эрсдлийн ажлын хэсэгт орж ажиллах болов? Ажлынхаа хажуугаар хийхэд хэр ачаалалтай байдаг вэ?

Миний хувьд эрсдлийн салбарт дорвитой хувь нэмрээ оруулах чин эрмэлзлэл, хүсэл мөрөөдөлтэй. Эрсдэл гэдэг нь даатгалын удирдлагын нэг хэсэг учраас Монголын бизнесүүд эрсдлээ удирдаж сурна гэдэг нь даатгалын үйл ажиллагааны ирээдүйд ч тэр, бизнест ч тэр хэрэгтэй. Бизнесүүд эрсдлээ удирдаж сурах нь улс орны эрх ашигт хэрэгтэй.

2017 онд өмнөх оны эрчээ сулруулалгүй ажиллаж чадах болов уу? Ямар ямар ажил хийхээр урьдчилан төлөвлөөд байна?

2017 онд хэд хэдэн эрсдэл дээр төвлөрч ажиллая гэж бодож байна. Тодруулбал, газар хөдлөлтийн эрсдэл. Өнөөдөр газар хөдлөлтийн талаар шат шатандаа ярьж байна л даа.

Энэ асуудалд Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдийн анхаарлыг хандуулж, бизнесийн байгууллагуудыг газар хөдлөлт боллоо гэхэд бэлтгэлтэй байх хэмжээний гарын авлагатай болгоё, гарын авлагатай болгодоггүй юмаа гэхэд агуулга, загварыг нь Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран хийхээр төлөвлөж байна.

Монголын Бизнесийн зөвлөл нь өдгөө 250 гаруй байгууллагаар эгнээгээ нэгтгэсэн томоохон ТББ юм. Гишүүддээ үйлчилдэг тус зөвлөлийн ач холбогдлыг ойлгосон компаниуд гишүүнээр элссээр байна. Тэдний төлөөлөлтэй сарын хурлын үеэр ярилцсан юм. 

“Monhorus International” ХХК-ийн ахлах брэнд менежер Н.Батсайхан

Бизнесийн зөвлөлд яагаад гишүүнээр элсэх болов?

Монголын тэргүүлэгч, манлайлагч бизнесийн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэх, тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах, үйл ажиллагаагаа харилцан дэмжих зорилгоор элссэн.

Зөвлөлийн гишүүн болсноор танай компанийн зах зээлд эзлэх байр суурь, цар хүрээ хэр өргөжих бол?

Манай компани бол дэлхийн эрчим хүчний тэргүүлэгч компани болох Эй Би Би группийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Тус группийн албан ёсны төлөөлөгчөөр гурван жил ажиллаж байна. Бид Монгол Улсын эрчим хүчний зах зээлд эрчим хүчний хэмнэлттэй, бүтээмж ихтэй, технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, салбарын найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, улмаар хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг ухаалаг болгоход бүхий хүч, нөөцөө дайчлан ажиллаж байна.

Хэр туршлагатай баг бүрдсэн бэ?

Манай компани 19 жилийн туршлагатай. 1997 оноос эрчим хүчний зах зээлд ажиллаж байна. Монголын эрчим хүчний манлайлагч компаниудын нэг. Барилгын цахилгааны удирдлагын самбарын стандартыг анх Монголдоо нэвтрүүлсэн. Монголын анхны 10мВт-ын нарны цахилгаан станцыг байгуулах төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон. Тус цахилгаан станцын бүх цахилгааныг Эй Би Би группийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн цахилгааны бүх тоноглолыг Эй Би Би группийн технологиор хийгээд байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр зай, талбай хэмнэсэн, найдвартай, шинэ дэд станцын технологийг нэвтрүүлээд хоёр жил болж байна. 

Тун амжилттай яваа компани гэж ойлголоо. Монгол эрчим хүчний салбарт бизнес эрхлэхэд хэр хүндрэлтэй байна?

Монголын эдийн засаг сэргэж амжаагүй 2016 онд манай компани маш амжилттай ажиллаж чадлаа. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан учраас компанийн үйл ажиллагаа ч нилээд өсөлттэй байлаа. Монгол Улсын эрчим хүчний систем нилээд хуучирсан, 60-70-аад оны технологид суурилсан гэж хэлж болно. Эрчим хүчний салбарт шинэчлэл зайлшгүй хийх шаардлага бий болсон. 

Lanz Brand студийн продюсер Б.Буянбат

Танай компани яагаад Зөвлөлийн гишүүнээр элсэх болов?

Өмнө нь Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааг харж, ажигладаг байлаа. Бизнесийн шинэ, сонирхолтой санаануудыг гишүүдийнхээ дунд хэлэлцүүлж байдаг томоохон ТББ шүү дээ.

Бид энэ Зөвлөлд элссэнээрээ бусад гишүүдтэй туршлага хуваалцаж, мэдээлэлд ойр байх боломжтой гэж үзсэн.

Компаниа товч танилцуулна уу?

Манай компани 2016 онд байгуулагдсан ч салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай залуучууд нэг баг болж, хамтран ажиллаж байна. Lu Entertainment-ийг үүсгэн байгуулагч бидэнд хамтран ажилладаг.

Одоогоор гурван бүрэн хэмжээний УСК дээр ажилласан туршлагатай. Олон ангит кинон дээр ажиллаж байсан.  1000 орчим реклам, 50 видео клип хийж байлаа.

Цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон төсөл, хөтөлбөр бий. Энэ хүрээнд Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах боломж бий гэдэгт итгэлтэй байна.

Видео клип, кино хийдэг студиуд зах зээлд цөөнгүй бий. Эдгээрээс юугаараа ялгарах вэ? Санал болгож буй үйлчилгээний чанар, үнэ хөлс зах зээлд хэр өрсөлдөх чадвартай вэ?

Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүнд 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд, маркетингийн компанит ажил тэр дундаа видео контент хийх, арга хэмжээ зохион байгуулахад хамтарч ажиллах зэрэг багтана.

Зөвхөн захиалагчийн даалгасан реклам, видео клип, зураг авалт, кино хийхээс гадна бид өөрсдөө бие даасан уран бүтээл гаргах болно.

Эдгээр уран бүтээлийг хийхэд Зөвлөлийн гишүүд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй.

Энэ төрлийн бизнес эрхлэхэд шинэ санаа, шилдэг шийдэл маш чухал байдаг шүү дээ. Энэ тал дээрээ “Lanz Brand” хэр вэ?

Манай студи бүхий л хэрэгцээт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Орчин үеийн 4к техник технологи, компьютер графикийн цогц шийдэл ашиглаж, нийгэмдээ нийцсэн боловч цаг үеэ манлайлсан өвөрмөц, содон уран бүтээл хийж, салбартаа ямагт тэргүүлэгч байх болно.