Ц.Даваасүрэн: Стратегийн ордыг хувьд шилжүүлэхдээ онцгой анхаарах ёстой, хэнд ч шилжиж болно шүү дээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.31

Ц.Даваасүрэн: Стратегийн ордыг хувьд шилжүүлэхдээ онцгой анхаарах ёстой, хэнд ч шилжиж болно шүү дээ

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуусан юм. 

Ц.Даваасүрэн: Төрийн өмчийн үнэ цэнийг ойлгох хэрэгтэй

Хувийн өмчтэй хүн рүү халдлаа гэж ярьж байгаа юм шиг байна. Олон нийтийн өмчийг хуулийн дагуу хувийн өмч болгосон уу гэдэг асуултад хариу олох хэрэгтэй. Олон улсын гэрээ зөрчилгүй, хуулийн дагуу хувийн өмчтэй болсон бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Өнөөдөр 51 хувийг Монголын төр эзэмшдэг байсан үйлдвэрийн 49 хувийн тухай ярьж байна. УИХ-ын гишүүн, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд, Ж.Наранцацралт агсныг захиа явуулах төдийд УИХ-тай зөвшилцөөгүй гэсэн нэрийдлээр суудлаас нь огцруулж байсан гэдгийг манай гишүүд мэдэж байгаа байх.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсний дараа Монголын зэс корпораци ногдол ашиг болох 56 сая ам.доллар авсан гэж тайландаа тусгажээ. Энэ тухай 49 хувийг худалдах, худалдан аван авах гэрээндээ тусгасан байсан уу? Ямар учиртай 56 тэрбум төгрөг сүүлд шилжиж орж ирэв? Сангийн яам яагаад уг шилжүүлгэн дээр гарын үсэг зураагүй юм бэ?

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Түүнээс гарч буй аливаа шийдвэр нь хуулийн түвшинд үйлчилнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, Монгол Улсын Засгийн газар нь УИХ-тай стратегийн орд, өмч хувьчлалтай холбоотой асуудлаар зөвшилцсөн бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хууль бусаар хувьд шилжсэн гэж үзсэн учраас УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан байх гэж бодож байна.

Стратегийн ордыг хувьд шилжүүлэхдээ онцгой анхаарах ёстой. Хэнд ч шилжиж болно шүү дээ. Хэзээ нэгэн цагт хэний ч гарт орж мэднэ. Юу ч тохиолдож болно. Тийм учраас улс орноо тэжээж, тэтгэдэг стратегийн ордыг Монгол шиг жижиг орны хувьд төрийн мэдэлдээ байлгах ёстой. Тэгж байж л хоёр хөршөөсөө эдийн засгийн хамааралгүй амьдарна.

Бүх өмчөө хувьд шилжүүлээд байж болохгүй. Өмч хувьчилна гэдэг бол төр хяналтаа тавьж чадахаа болино. Хувь хүнд юу ч тохиолдож болно. Төрийн өмчийн үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн компани дампуурлаа гэхэд тэр гэр бүл цаашид яаж амьдрах вэ?

Яг үүнтэй адил Монгол Улсыг нэг айл юм аа гэж авч үзвэл өнөөдөр биднийг Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд л тэжээж байна. Нэг дураараа хүүхэддээ шилжүүлчихвэл юу болох вэ? Эрдэнэт үйлдвэрийг өрх гэртэй зүйрлэвэл ийм л дүр зураг ажиглагдана.

Монгол Улсын гурван сая иргэнийг тэжээх тодорхой хэдэн л обьект байна шүү дээ. Бид Оюу толгойг алдсан. Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес цэцэглэлээ гэдэг яг үнэндээ шахаа байлаа гээд дотооддоо л үлдэнэ шүү дээ.

Гэтэл Оюу толгой бол өөр. Гадны луйварчид мөнгөө гадагшаа урсгаж.  байгаа. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь харь улсад зарагдчихвий гэж болгоомжлол байгаа учраас УИХ-аас тодорхой шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Ш.Раднаасэд: Хүч түрсэн, нухчин дарсан, дарангуйлал тогтоосон зүйл байхгүй

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хэрэгжилтийг хянан шалгах нь УИХ-ын үндсэн үүрэг” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-аас соёрхон баталсан, Монгол-ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд зөрчсөн Олон улсын гэрээний тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуулиуд, УИХ-ын 27 дугаар тогтоол гээд олон хууль тогтоомжийг дурдаж болно.

Нийгэмчлэн хураан авч буй 37 он гэж хүч түрсэн, аливаа асуудлыг нухчин дарсан, дарангуйлал тогтож байна гэж зарим гишүүд хэлж байна л даа. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлахад, аав нь нэр дээр байсан машиныг хүү нь зарчихаж. Энэ тохиолдолд машины эзнээс буюу ааваасаа асуух ёстой биз дээ?

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжүүлэхдээ УИХ-аас асуух ёстой зүйлээ асуулгүй зарчихаад, зарсан этгээд нь зугтчихлаа. Үүний хариуцлагыг яаж тооцож, хаанаас хайх ёстой гэж?

Шүүх тогтооно гээд орхиж болно. Гэхдээ шүүх гэм буруутай эсэхийг л тогтоож, ял шийтгэнэ. Тиймээс энэ асуудлыг дэвэргэхгүй байхыг хүсье. Цаашид ч энэ мэт хууль бус үйлдлийг УИХ хянан шалгасаар байх болно. Эрх мэдлээр далайлгасан зүйл байхгүй. Бодит үнэн зүйл ярьж байна.

Б.Баттуяа: 2012, 2013 онд хуваарилсан 55,7 сая ам.долларыг 2016 онд Монголын зэс корпорацид шилжүүлсэн байдаг 

Ногдол ашгийн хувьд 2012, 2013 онд хуваарилсан 47,1 сая ам.доллар, 8,6 сая ам.долларыг тухайн үед “Ростех” компанид өмчлөл шилжихдээ холбоотойгоор шийдвэр гараагүй байгаа учраас ногдол ашгийн төлбөрөө ОХУ-д шилжүүлэхгүйгээр өглөгөөр хадгалаад байж байсан.

Ингээд шийдвэр гарч, Монголын зэс корпорацид 49 хувь шилжсэний дараа "Ростех" компанийн нэхэмжлэлийн дагуу 2016 оны долдугаар сарын 25-нд 8,6 сая ам.доллар, мөн оны наймдугаар сарын 12-ны өдөр 47,1 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс Монголын зэс корпорацид шилжүүлсэн байдаг.

Гэрээнд заасны дагуу уг авлагаа Монголын зэс корпорацид шилжүүлсэн гэсэн үг. 2012 онд Монголын талд 110 тэрбум төгрөг, 2013 онд 68,3 тэрбум төгрөгийг ногдол ашиг гэж шилжүүлсэн байдаг. 2014, 2015 онуудад ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаагүй байна. Харин Монголын тал 2015 онд 15 сая тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан.