Хөвсгөл нуурын эко системийн судалгааг санхүүжүүлнэ
Хөвсгөл нуур
2017.01.31

Хөвсгөл нуурын эко системийн судалгааг санхүүжүүлнэ

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаад иржээ.

Энэ үеэрээ албаныхан “Хөвсгөл нуурын бүс нутагт тулгарч байгаа асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан төдийгүй Хатгал тосгоны иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулсан байна.

“Хөвсгөл нуурын БЦГ-ын аялал жуулчлалын бүсэд 118 иргэн, аж ахуйн нэгж нийт 561.7 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авснаас 38 иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа эрхэлж, жилд долоон сая гаруй төгрөгийн орлогыг орон нутагт оруулж байна. Монгол Улсын аялал жуулчлалын гол төв болсон аймгийн хувьд жуулчдыг хүлээн авах даац нөөцийг зөв тогтоож, цаашид хэрхэн хангах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Орон нутгаас тодорхой ажлуудыг хийж байгаа ч төсвийн хүрэлцээ, санхүүжилт хөрөнгө мөнгө дутмаг байгааг удирдлагууд нь хэлж байна. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгө харахгүй орон нутагт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” хэмээн Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлсэн юм.

Хатгалын тосгоны статусыг дээшлүүлж сум болгох, хог хаягдал, аялал жуулчлалын үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх зэрэг саналыг нутгийн иргэд сайдад уламжилсан байна.

Иргэдийн саналд тулгуурлан юуны өмнө тус тосгоныг сумын статустай болгох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр болов. Мөн соёлын төвийг нь сургалт, сурталчилгаа, соёлын үйл ажиллагааны төв болгоход дэмжлэг үзүүлж, засварын ажилд 10 сая төгрөг болон Хөвсгөл нуур орчмын эко системийг судлах судалгааны ажилд тодорхой хөрөнгийг төсөвт суулган шийдвэрлүүлэхээр болсон байна.