УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.01.31

Л.Оюун-Эрдэнэ: Найман жилийн өмнө хариуцлагын тухай ярьсан бол авч хэлэлцэж болох юм

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 12 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуцлагын тухай асуудлыг найман жилийн өмнө хөндөн тавьсан боловч оновчтой байлаа гээд төслийг хууль санаачлагчид буцаах тухай горимын санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Үзэл баримтлалын хувьд дэмжих ёстой хуулийн төсөл гэж үзэж байна. Хариуцлагын тогтолцоо хаана, хаанаа чанга байх ёстой нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоох дээд сувьектын үйл ажиллагаатай битгий хутгалдаач гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байна. Хууль санаачлагч нь Ерөнхийлөгч учраас уг хуулийн төслийг дэмжих боломжгүй. Хариуцлагын тухай асуудлыг найман жилийн өмнө хөндөн тавьж, хуулийн төсөл боловсруулсан бол дэмжих боломжтой байсан. “Утаа, утаа, утаа” гэж найман жилийн өмнөөс дуугарсан бол өнөөдөр утаа арилгах байсан байх. Одоо нэгэнт өнгөрсөн.

Өнгөрсөн хугацаанд 57 хуулиас тухайлсан асуудлыг сугалан авч, Ерөнхийлөгчийн эрх мэдлээ шууд болон шууд бус хэлбэрээр нэмэх бодлого барьж ажилласан гэж үзэж байна. Түүнээс болж, хууль тогтоох дээд байгууллага хүчгүйдэж, төрийн бодлого хэрэгжих боломжгүй болсон. Энэ бол хувь хүний алдаа биш. Тогтолцооны том гажуудал.

Зөвлөлдөх санал агуулгын тухай, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай гэсэн ижил төстэй агуулга бүхий хоёр хуулийн төслийг УИХ, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, хоорондоо “мөргөлдөөд” байна. Өнөөдөр энэ хоёр хуулийн төслийг нэгтгэх тухай яриад сууж байна. Ийм байдлаар цааш явж болохгүй.

Швейцарь улсын нийт хүн амын 80 гаруй хувийг дундаж давхаргынхан эзэлж байна. Дэлхийн хамгийн баян орнуудын нэг. Эдгээр улсын туршлагыг шууд хуулж, орчуулгын материал оруулж ирээд байж болохгүй.

Бид асуудалд ул суурьтай хандах ёстой. Тиймээс уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах ёстой гэсэн горимын санал гаргаж байна. Уг горимын саналаар санал хураана уу.

Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын хаврын чуулган, дараагийн намрын чуулганы үеэр уг асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодыг татан оролцуулж, асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэй.