Оюун-Эрдэнэ.Л 2017.01.31 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуульд алаг, цоог өөрчлөлт хийх нь оновчгүй, асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй болохыг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Монголчууд ямар ч асуудалгүй баяр наадмаа явуулсаар ирсэн байтал барилдаагүй бөхөд цол олгож, улмаар зүүний магнай, барууны магнайд гарна гэж маргаан үүсч байсан жишээ саяхан. Энэ мэт асуудлаас улбаалж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг боллоо. Өнөөдөр гэхэд сурын харваатай холбоотой асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэж оруулж ирсэн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү та хуульч хүний хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг цогцоор нь авч үзэж болсонгүй юу?

Өнөөдөр сурын харваа ярьж байна. Маргааш морь, бөх гээд баяр наадамтай холбоотой асуудлаар мэргэжлийн холбоод ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Заавал УИХ эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газар шийддэг болох нь байна шүү дээ.

Баяр наадмын тухай асуудлыг зайлшгүй УИХ-аар хэлэлцэнэ гэж байтал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тойргийн гадна үлдлээ шүү дээ. Тиймээс төр оролцох, оролцохгүй асуудлаа эрэмбэлж, дараагийн 25 жилд асуудлыг цогцоор нь авч хэлэлцэхгүй юм бол эрээвэр хураавар хуулийн төсөл батласаар байвал эцэст нь том асуудал үүсч байна.

УИХ-ын гишүүн бүр хоббигоор хуулийн санал санаачилж, санаачлахгүй л бол болохгүй юм шиг санадаг байдал удаан үргэлжилж болохгүй. Нийгмийн харилцааны хэм хэмжээг зохицуулна гэдэг хобби төдий зүйл биш. Судлагдаж, хэлэлцэгдэх ёстой.

Маш хатуу шалгуур тавьсны эцэст байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ордог байх ёстой юм. Өнөөдрийнх шиг найзан дундаа явсаар байтал хуулийн үнэт зүйл алдагдаж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn