БОАЖЯ, УЕПГ хамтран ажиллахаар боллоо
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан
2017.01.31

БОАЖЯ, УЕПГ хамтран ажиллахаар боллоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр БОАЖЯ-нд боллоо.

Ёслолын үйл ажиллагааг нээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчинтой уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээлт хийх нь манай яамны үүрэг.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт дагнан ажиллах прокурор бэлдэх, харилцан мэдээлэл солилцох, байгаль орчны хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учирч болох гэмт хэргийг шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал түлхэц болох юм” гэлээ.

“Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол улсын эрх ашигт нийцсэн, зөв, оновчтой шийдвэр гаргах нь бидний хийх ёстой ажил. Прокурорын байгууллага нь байгаль орчинд хохирол учирсан тохиолдолд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн оролцох, байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор, нөхөн сэргээх асуудлыг зохицуулах ёстой” хэмээн Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хэллээ.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь 2017-2020 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжлэх бөгөөд энэ хугацаандаа  байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг буурулах түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,  чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, уулзалтыг хамтран зохион байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөжээ.