2017.02.01

БоАЖ-ын сайд аялал жуучлалын салбарын талаар мэдээлэл хийв

Байнгын хорооны хуралдаанаар Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаарх Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонссон юм. 

Салбарын яамнаас аялал жуулчлалын эрх зүйн орчныг шинэчлэх, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, аяллын төрлийг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, жуулчин хүлээн авах хүчин чадлыг дээшлүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт зэрэглэл тогтоох үйл ажиллагааг шинэчлэх, улмаар аялал жуулчлалын салбараас эдийн засгаас оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэхээр тодорхойлон ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол танилцуулгынхаа эхэнд онцоллоо. 

2016 онд Монгол Улсад 404 мянган жуулчин аялаж, аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 321 сая ам.долларын орлого оруулжээ. Энэхүү тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад 2012 оноос хойш анх удаа гадаадын жуулчдын тоо 4.4 хувиар, салбарын орлого 11.4 хувиар тус тус өссөн байна.

Дэлхийн аялал жуулчлалын консулаас гаргасан аялал жуулчлалын эдийн засгийн үр нөлөө статистик мэдээллээс харахад 2015 онд Монгол Улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ий 5.3 хувийг бүрдүүлсэн бөгөөд салбарын хөрөнгө оруулалтын мэдээ 1.2 их наяд төгрөг байсан нь нийт хөрөнгө оруулалтын 21.9 хувийг эзэлсэн аж. Манай улсыг зорин ирсэн жуулчдын иргэний харьяаллаас үзэхэд нийт жуулчдын 38 хувийг БНХАУ, 18 хувийг ОХУ, 12 хувийг БНСУ, 5 хувийг Япон Улсын иргэд эзэлж байгаа юм байна. Түүнчлэн Америк, Герман, Казахстан, Австрали улсын иргэд тус бүр 2-4 хувийг эзэлдж байгаа аж.
Харин Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индекст оролцсон нийт 141 орноос Монгол Улс 99 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. 
2016 оны байдлаар дотоодод 274 аялал жуулчлалын компани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт ажлын байрны 4.3 хувь нь тус салбарт байгаа аж. Байгаль орчин, аялал жуучлалын сайд аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр салбарын яамнаас хийж буй ажлууд, зорилт болон хууль эрх зүйн орчны талаар мэдээллээ.
Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсан байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тус яамнаас Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байгаа юм. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа талаар дурдав.
Үргэлжлүүлэн тэрээр тулгамдсан асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим зүйлийг асууж, тодруулсан юм. Улаанбаатар хотод ойрхон аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах талаар салбарын яам, Засгийн газар судалгаа, тооцоо хийсэн эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар лавласан юм. “Буянт Ухаа” нисэх буудлын 100 га талбайг бүхэлд нь аялал жуулчлалын чөлөөт бүс болгохоор Засгийн газар судалгаа хийн, төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Д.Оюунхорол сайд дуулгаад энэ нь ард түмний эрх ашигт нийцсэн, төсвийн орлогын бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулах бололцоог бүрдүүлэх боломж байгааг хэллээ.