Филиппин дэх аллага
2017.02.02

Филиппин дэх аллага

Филиппиний  өнгөрөгч оны Ерөнхийлөгчийн сонгуульд “шийтгэгч” хочит Родриго Дутерт ялалт байгуулсан. Өмнө нь гэмт хэрэг зөрчлөөрөө улсдаа толгой цохиж явсан Давао хотын захирагчаар ажиллаж байсан тэрбээр гэмт хэрэгтнүүдтэй хатуу гараар тэмцсэний дүнд дээрх хочийг авсан хэрэг. 

Улмаар улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа Родриго Дутерт хар тамхины эсрэг дайн эхлүүлсэн. Энэ хүрээнд гэмт хэрэгтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг цагдаагийнханд өгч, цаазыг ялыг ч сэргээсэн нь тухайн үедээ л дэлхийн хэвлэлийн  анхаарлыг татаж байсан удаатай. Тэгвэл олон улсын хүний эрхийн байгууллагын “Эмнести интернэшнл” байгууллага Филиппиний цагдаа нар хар тамхины эсрэг дайны нэрийн дор “нарийн төлөвлөсөн” хууль бус аллага үйлдэж буйг мэдээлэв.

Мөн тайландаа  тус аллага хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт ч тооцогдох боломжтойг дурьджээ. Ерөнхийдөө өнгөрсөн оны долдугаар сард Р.Дутерт Ерөнхийлөгч болсноос хойш хар тамхины эсрэг дайны галын шугамд 7000 гаруй хүний амь үрэгдсэн байх юм. Гэвч улсын Ерөнхийлөгч нь тухайн гэмт хэргийн сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд л цагдаа нар гал нээх эрхтэй гэх ганц үгээр аллагын хэргээ өмгөөлсөөр байдаг аж.  Харин энэ долоо хоногт тэр бодлогодоо эргэлт хийсэн. Учир нь цагдаагийнхан мөн л хар тамхины эсрэг дайн нэрийн дор БНСУ-ын нэгэн бизнесмэнийг хөнөөснөөр  Ерөнхийлөгч эр ч  цагдаагийнханд олгосон гэмт хэргийн сэжигтэн рүү гал нээх давуу эрхээ эргэх харахаар болжээ.

Эмнести интернэшнл байгууллага Филиппинд өрнөж буй цуст аллагын талаарх тайлангаа ийнхүү танилцуулсны дараа Засгийн газраас ямар нэг тайлбар хийгээгүй байна. Гэхдээ Филиппиний цагдаагийн газраас урьдын л адил “баривчилгааг эсэргүүцсэн сэжигтэн рүү л гал нээсэн” хэмээн хаацайлж байжээ.

Тайланг гаргахдаа хүний эрхийн байгууллагынхан гэрчүүдийн мэдүүлэг болон хараат бус мөрдөх багийнхны хийсэн ажлын үр дүнд үндэслэсэн байх бөгөөд түүндээ “Хар тамхины гэмт хэргийн сэжигтнүүдийг санаатайгаар олноор нь амийг нь бүрэлгэх үйл ажиллагааг холбогдох албаныхан төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж буйд гүнээ харамсаж” буйгаа илэрхийлсэн байлаа.

Учир нь цагдаа нар ихэвчлэн шөнө дундын үед айлын хаалгыг тогшиж, үүнийхээ дараа хар тамхи зарсан эсвэл хэрэглэсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй ямар ч зэвсэггүй хүнийг буудан хөнөөдөг байна. Түүнчлэн, зарим гэрчүүдийн хэлснээр хар тамхины хэргийн сэжигтнүүд өвдөг дээрээ сөгдөн, аль эсвэл өөр байдлаар бууж өгч буйгаа илэрхийлэн амь өршөөхийг гуйж байсан ч, цагдаа нар үл тоон цохон дундуур нь буудаж орхидог ажээ. Харин үүнийхээ дараа цагдаагийнхан нотлох баримт зохиож, хүн амины хэргээ далдлах хуурамч дүгнэлт үйлддэг гэнэ.

Хүний эрхийн байгууллагынхны онцолж буйгаар үүний цаана хөрөнгө мөнгөний асар их сонирхол байж магадгүй аж. Тодруулбал, нас барсан гэмт хэргийн сэжигтнийг оршуулах төлбөр болгон ар гэрээс нь мөнгө авахаас эхлээд амиа алдсан хүн нэг бүрээр тооцон “ширээн доогуур”-аа урамшуулал авдаг байх юм.

Үүнийг нэг цагдаагийн офицер мэдээлжээ.  Түүнчлэн, амиа алдсан гэмт хэргийн сэжигтнүүдийн ихэнх нь ядуус байх бөгөөд “Хар тамхины гэмт хэрэгтнүүдийн жагсаалт”-ыг  холбогдох албан тушаалтан урьдаас бэлтгэн цагдаа нарт дамжуулдаг байна. Тус жагсаалт нь учир дутагдалтайн зэрэгцээ олон нийтийн дунд тархсан дам яриа, цуу үгэнд үндэслэж гаргасан байдаг ажээ.

Ямартай ч, энэ мэт асуудлыг иргэний нийгэм, шашны байгууллага, Засгийн газрын гишүүн, цагдаагийн ажилтан, хар тамхи хэрэглэгч, амиа алдагсдын хамаатан садан, гэрчүүд гээд нийт 110 орчим хүний ярьсанд үндэслэн Эмнест Интернэшнл байгууллага ил болголоо. Родриго Дутерт хар тамхины эсрэг дайнд хатуу чиг шугамыг баримталж буй.

Тэр ч утгаараа барууны зарим орны эсэргүүцэлтэй тулгарах болсон юм. Гэхдээ хүүхдийн хулгай асар их хувиар нэмэгдэж, Өмнөд Солонгосын бизнесмэн алуулсны дараа л М.Дутерт авлигач цагдаа нарыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудалтай нүүр тулгарлаа. Тиймээс ч, хар тамхины эсрэг дайнаа зогсоож, дахин зохион байгуулалт хийх шийдвэрт хүрчээ.