Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийслэлчүүдэд танилцуулж, санал авлаа
2017.02.02

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийслэлчүүдэд танилцуулж, санал авлаа

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд УИХ-ын зарим гишүүнтэй хамтран санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нийслэлчүүдийн саналыг сонслоо.

Уулзалтын эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Чинзориг, НЗД-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг бид өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллага, агентлагийн албан хаагчид оролцож энэхүү хуульд саналаа тусгуулж байна. Миний бие 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Аливаа хөгжил, шинэчлэлийн эх үндэс нь эрх зүйн боловсронгуй орчин гэдэгт би итгэдэг. Хууль эрх зүйн ямарваа нэгэн шинэчлэл, өөрчлөлтийн төсөлд иргэд болон холбогдох субьектууд бүгд оролцож саналаа хүргэдэг, тусгуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө би ажиллана. Эрх барих дээд байгууллагад олон жил ажилласан туршлагатай парламентчийнхаа хувьд хүсэн хүлээж байсан хууль одоо биелэлээ олох цаг нь болжээ” гэж хэлсэн юм.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд анх батлагдаж, 1995 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнээр орчин үеийн төрийн алба эрх зүйн зохицуулалт бүхий шинэ салбар болон хөгжиж эхэлсэн юм. Хамгийн сүүлд 2008 онд зарчмын томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаар өнөөдрийн 7 бүлэг 41 заалт бүхий Төрийн албаны тухай хууль бүрэлдэн тогтжээ.

Сүүлийн жилүүдэд төрийн албаны чадавхийг сулруулж, нэр хүндийг нь унагаж байгаа гол хүчин зүйл нь сонгуульд ялсан нам төрийн эрхийг авсан даруйдаа “намын бодлого” нэрийн дор төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас нь халж, олон мэргэшсэн төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг байдал бий болсон.

Энэхүү шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмын өөрчлөлт нь Төрийн албыг бие даасан, улс төрөөс хараат бус, төрийн албанд хүний нөөцийн МЕРИТ зарчим хэрэгжүүлэх, төрийн албанд дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт өөрчлөлтүүдийг нарийн тусгасан нь хэлэлцүүлгийн үеэр харагдаж байв. Энэ нь цаг үеэ олсон мөн улс төрийн зориг гаргасан хууль болж чадсан нь харагдаж байсан юм. Мөн төрийн үйлчилгээний чанарт олон нийтийн тавих хяналтын арга механизмуудыг суулгаж өгсөн нь хэлэлцүүлэгт оролцогчдын сайшаалыг хүртэж байлаа.

“Шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй. Энэ хууль батлагдан гарвал төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгож байлаа