Энхболд.М Чинзориг.С 2017.02.02 | Сайт: Vip76.mn

Төрүүлсэн, өсгөсөн хүүхдийн тоогоор нэг жил зургаан сар нэмж тооцон, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хуулийн төслийг бүхэлд батлахаар болж, санал хураахад УИХ-ын 46 гишүүн оролцсоноос 35 нь зөвшөөрч, 76,1 хувийн санал хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төслийг С.Чинзориг нарын гишүүд санаачлан боловсруулсан юм. 

Уг хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуулийн төсөл батлагдсанаар төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох юм.

Ажил олгогчоос нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй, нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулаагүй эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлнө.

Мөн хуулиар малчдын тэтгэврийн насыг наашлуулж байна. Ингэхдээ, 

Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн

Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn