УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2017.02.03

Я.Содбаатар: Өмнө нь мэргэжлийн холбоод цол олгож болоод байсан шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хууль санаачлагчаас хэдэн зүйл тодруулсан юм. 

Я.Содбаатар: Өмнө нь мэргэжлийн холбоод цол олгож болоод л байсан шүү дээ

Үндэсний сурын холбоо, Үндэсний бөхийн холбоо, Уяачдын холбоо гэж бий. Эдгээр мэргэжлийн холбоод байсаар байтал Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний спортын тамирчдад цол олгодог нь хэр зохимжтой вэ? Цаашид ч энэ зарчмаар олгох нь хэр оновчтой болохыг цогц байдлаар авч үзэх шаардлага бий гэж бодож байна.

Сүүлийн хэдэн жил үндэсний бөхийн спортод дархан аварга цолтон тодрохгүй байгаа учраас цолны болзлыг бууруулж байсан. Гэтэл одоо сурын харваанд энэ зарчмыг дахин баримтлахаар оруулж ирж байх шиг. Үүнд хууль санаачлагч ямар бодолтой байна? Өмнө нь мэргэжлийн холбоод цол олгодог байсан бол сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон шүү дээ.

Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал өмнө нь цолны болзол хангасан хүмүүст цол нөхөж олгохооор байна. Хуулийг ингэж хэрэглэхэд хуулийн үйлчлэлд хичнээн хүн хамрахаар байна? Ямар журмаар, яаж олгох вэ?

Сум, орон нутагт сурын харвааг хөгжүүлэх чиглэлээр төсөлд тусгасан уу? Жишээлбэл, сум, аймгийн баяр наадамд сурын харваа төдийлөн оролцдоггүй.

О.Баасанхүү: Ерөнхийлөгч шагнаж байгаадаа асуудлын гол нь байгаа юм биш

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

1206 онд Их Монгол улс байгуулагдсанаар Үндэсний их баяр наадмыг уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ уламжлалыг тодотгох зорилгоор 2013 онд Үндэсний баяр наадмын тухай хууль батлагдсан гэж үзэж байна. Хууль гарснаар маш олон давуу тал бий болсон гэж үздэг.

Тухайлбал, морин спорт маш сайн хөгжиж, өнөөдөр үндэсний байтугай олон улсад морин спортын тэмцээнд оролцож, улс орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах боломж нээгдэж байна. Үндэсний бөхөөр хичээллэж байсан бөхчүүд сумо, жүдо, самбо бөхөд амжилт гаргасан байдаг.

Гэтэл Үндэсний их баяр наадмаар сурын харвааны хувьд хоёр хүн л Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдаж, үлдсэн нь хоосон буцдаг. Гэхдээ энд зөвхөн Ерөнхийлөгч шагнаж байгаадаа гол биш.

Япон, Солонгост үндэсний спортоо нэг номерт анхаардагтай адил бид ч бас үндэсний тэр дундаа сурын харвааг бусад спорттой адил тэнцүү хэмжээнд авч үзэх нь зөв.

Гоц харваач, гарамгай харваач цолонд хүрэхийн тулд асар их хүч, хөдөлмөр шаардана. Сурын харвааг ямар ч булхайгүй спорт гэж хэлж болно. Оносон л бол түрүүлнэ. 65, 75 метрийн зайнаас харвана гэдэг бол гайхамшиг.

Уг хуулийн төслийг баталж, сурын харваачдыг дэмжсэнээр аялал жуулчлал хөгжих, залуучуудыг уг спортод дур сонирхолтой болж, хичээллэхэд нь түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Энэ спортод насны хязгаар байдаггүй.

Хурдан морины уралдаанд бол бүсийн наадмуудад хурдалж, олон удаа түрүүлсэн бол улсын наадамд түрүүлээгүй байсан ч алдарт уяач цол олгодог. Яг үүнтэй адил сум, аймгийн наадмуудад олон түрүүлсэн сурын харваачид цол олгох тухай уг хуулийн төсөлд тусгаагүй. Учир нь улсын наадамд илүү ач холбогдол өгье гэж үзсэн.