УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.03

C.Чинзориг: Өмнөх парламентын үед замын дундаж өртгөөс хэд дахин үнээр зам тавьсан гэдэг үнэн үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуусан юм. 

С.Чинзориг: Замын баталгаат хугацааг сунгах боломж бий юу?

Замын насжилт стандартын дагуу байна уу? Шинэ зам тавих юм. Гэтэл дорхноо эвдрэх юм. Замын эвдрэл, үүссэн нүхийг тойрч гарах гэж бартаат замын уралдаанд оролцож байгаа юм шиг нөхцөл байдал үүсдэг. Үүнээс болж, зам тээврийн осол гарах, автомашины эдэлгээ, насжилтад нөлөөлөх нь бий. Шинээр тавьсан зам богино хугацаанд эвдэрнэ гэдэг бол зам тавих технологи, чанартай шууд холбоотой юу? Үүнийг яаж өөрчлөх вэ?

Хуулийн төсөлд замын баталгаат хугацааг нэг жил гэж заасан байна. Энэ хэт богино хугацаа биш үү? 3-5 жил гэж баталгаат хугацааг сунгах боломж бий юу? Замын компаниудыг хариуцлагажуулахын тулд замын баталгаат хугацааг урт тавьж өгөх ёстой юм биш үү?

Зам барих өртөг янз бүр байх л даа. Гэхдээ дундаж өртөг гэж байх болов уу? Өмнөх парламентын бондын мөнгөөр маш их зам тавьсан. Ингэхдээ зам барих өртгийг гурван дахин нэмсэн гэж ярьдаг шүү дээ. Энэ хэр бодит үнэн бэ? Тэгвэл өнөөдөр замын дундаж өртөг ямар байна?

Бондын мөнгөөр хэдэн км зам барьсан бол? 2017 онд концессоор хэдэн зам барих вэ? Барих, ашиглах, шилжүүлэх гэсэн процессоор явуулах гэж яриад байгаа шүү дээ. Үүнтэй хэр санал нийлж байна?

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Бат-Өлзий сум орох, Мөн Төвхөн хийд орох хооронд аялал жуулчлалын зориулалттай жим гаргасан байдаг. Энэ хооронд зам тавих ажлыг энэ жил концессийн гэрээгээр эхлүүлэх боломж хэр байна?

Д.Ганбат: Замын баталгаат хугацааг гурван жил хүртэл хугацаагаар сунгах санал гарсан

Насжилт богино, чанаргүй зам барьснаас болж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох тохиолдол буурахгүй байна. Замын насжилт гэхээр замын стандарт, чанар яалт ч үгүй харилцан хамааралтай. Хуулийн төсөлд замын баталгаат хугацааг нэг жил гэж заасан. Байнгын хорооны хуралдааны үеэр замын баталгаат хугацааг 3 жил болгож, нэмэгдүүлэх тухай санал гарсан. Цаашид ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг нухацтай ярих байх.

Хэрэв замын чанар сайн байвал замын засвар, арчлалтын зардал хэмнэгдэнэ. Ер нь замын засвар, арчлалт бол замын насжилттай холбоотой бас чухал асуудал юм. Гэхдээ замын засвар, арчлалтын зардал нь замын урттайгаа холбоотойгоор өсөн нэмэгддэгүйгээс болж, замын насжилт богино байдаг тал бий.

Нэгэнт тавьсан замыг байнга арчилж байх ёстой. Энэ ажил учир дутагдалтай байгаа нь үнэн.

Замын зэрэглэлээс шалтгаалж янз бүрийн үнэ өртөгтэй байдаг. Тухайлбал, 1-4 зэрэглэл, хурдны зам зэргээр өөр хоорондоо ялгаатай байдаг. Орон нутгийн чиглэлд барьж буй 3-4 зэрэглэлийн замууд дунджаар нэг км нь 700-800 сая төгрөгөөр барьдаг. Их даацын замыг 1 км нь 2 сая ам.доллараар хүртэл барьж байна. Монгол Улсын анхны хурдны зам буюу Хөшигийн хөндий чиглэлд тавьж буй замын нэг км-ыг 2 сая гаруй ам.доллараар барьж байна.

Өмнөх Засгийн газар бондын хөрөнгө буюу 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан байдаг. Эдгээр замын өртөг харилцан адилгүй. Замын дундаж өртгөөс хэд дахин өндөр үнээр зам тавьсан тохиолдол бий. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас богино хугацааны зээлийн хөрөнгөөр авто зам болон төмөр зам барихгүй гэсэн бодлого барьж байна. Хэрэв орж ирсэн богино хугацааны хөрөнгөөр зам барих юм бол эдийн засаг улам сөхөрнө гэж үзэж байна.

Тиймээс барих, ашиглах, шилжүүлэх зарчим барьж, төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Энэ онд баригдах замын жагсаалт гарсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, эдийн засаг, аялал жуулчлалын хувьд ач холбогдолтой зам барих ажлыг нэн тэргүүнд концессийн гэрээгээр барих болно.