“Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд тодорлоо
2017.02.03

“Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд тодорлоо

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд өнөөдөр батламж гардууллаа.

  1. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц,
  2. МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан,
  3. “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат,
  4. “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр,
  5. Гэр бүл судлаач Л.Нарантуяа,
  6. Жүжигчин Ж.Баясгалан,
  7. Хийлч Х.Дэлгэрцэцэг,
  8. Эдийн засагч Д.Жаргалсайхан,
  9. Жүжигчин Б.Баттөмөр,
  10. ОУХМ, МУГТ Б.Гангаамаа гэсэн 10 алдартан агаарын бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан ажиллахаар ийнхүү элч төлөөлөгчид боллоо.

Элчүүд батламжаа авах үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой санал солилцож, агаарын бохирдлыг бууруулж, арилгаж, цэвэр, эрүүл орчинд амьдрахын төлөө ард иргэдийг уриалж, санал бодлоо илэрхийлсэн.

Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж,  “Дээр үед бид гэрээ бөмбийтөл дулаалаад өвөлждөг байв. Одоо ч манайхан энэ тал дээр дутмаг байна даа” гэсэн юм. Тэргүүн хамба нүүрс түлж өөрийгөө болон бусдыгаа хордуулж байгаа үйлдлээ цэгнэн үзэж, утааг бууруулах  боломжуудыг эрэлхийлж, хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалав.

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр “Хөөрхөн охид үснээсээ, хувцаснаасаа утаа үнэртүүлээд явахыг хүсэхгүй. Залуу үеийг идэвхжүүлж,хүмүүсийн сэтгэлгээ,хандлага, дадлыг өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

ОУХМ, МУГТ Б.Гангаамаагийн хувьд  олон орноор зочилж, үзэсгэлэнт байгалийг харахдаа Монгол яагаад  эдгээр  орнууд шиг онгон дагшин байгальтай, эрүүл, саруул ирээдүйтэй, цэвэр цэмцгэр байж болдоггүй юм бол гэх асуултыг өөртөө тавьдаг гэнэ. Тэрбээр агаарын бохирдлын эсрэг олон хүн дуу хоолойгоо нэгтгэхийн хэрээр үр дүнд хүрнэ гэж үзэж буй ажээ.

Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэр хорооллын ард иргэд нүүрс түлэхээ болихгүй бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироосоор байна гэсэн юм. Тиймээс  нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуураар халаалтын асуудлаа шийдэх хэрэгтэй гэв.

МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан агаарын бохирдлыг бууруулах элчүүд монголчуудын сэтгэлгээг өөрчлөх ажлыг хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.  Монголчууд хэтэрхий залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Эхлээд оюун санаанд нь эерэг мэдээлэл хүргэж, бид нэгдэж хийх ёстой гэсэн сэтгэлгээтэй болгох ёстой гэлээ. 

Жүжигчин Ж.Баясгалан, агаарын бохирдол бидний үр хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг боогдуулж байгаад иргэн хүний хувьд санаа зовж  байгаа учраас хөтөлбөрт нэгджээ. 

“Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүд 2017 оны турш ард иргэдэд мэдээлэл түгээн, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзан, цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг ард иргэдэд уриалах юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх БОАЖЯ-ны бодлогыг дэмжиж, олон нийтийг уриалах, хамтран ажиллахад сайн дураараа  оролцон, элч төлөөлөгчид болж байгаа алдартнуудад талархал илэрхийлэв.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ-аас хамтран агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Уг үзэсгэлэнг үргэлжлүүлэн нийслэлийн гурван бүсэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Мөн цахилгаан халаагуурыг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлж, Монголын банкуудын холбоотой хамтран ногоон зээл олгох болсноо БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ