Оюун-Эрдэнэ.Л 2017.02.03 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжингүй орнуудын замын стандартыг өөрийн орондоо нэвтрүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ салбарын сайдаас сонирхсон асуултдаа хариу авсан юм. 

Л.Оюун-Эрдэнэ: Замын тэмдэг, тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх шаардлага байна

Авто замын тухай шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж байгаад талархаж байна. 1990-ээд оны үед гарсан хуулиуд нарийн зохицуулалтгүй явж ирсэн зүйл ажиглагдаад байна. Харин одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайдын барьж буй бодлого зөв, зүйтэй санагдаж байна. Улс орны эдийн засагтайгаа уялдуулж, чанар тал руугаа анхаарах ёстой.

Өнгөрсөн хугацаанд зам барихдаа хөдөө, орон нутгийг хоттой холбох чиглэлд явж байсан бол илүү эдийн засгийн үүднээс харж, замын стандартад онцгой анхаарах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө зарцуулж тавьсан зам богино хугацаанд эвдэрч байгаа нь зам тавиагүйгээс илүү зардал гаргаж байна. Хэнтий аймагт ч гэсэн ийм түүх давтсан 70 орчим км зам бий.

Олон улсын тэмдэг, тэмдэглэгээ гэдэг чухалд тооцогдож байна. Ногоон дэвсгэр дээр цагаанаар бичсэн олон улсын стандарт бий. Энэ нь их энгийн мэт боловч аялал жуулчлалтай шууд холбоотой. Энэ талын стандартыг хангах үүднээс ямар бодлого барих вэ?

Замын төлөвлөлт дээр дугуйн зам, явган хүний замыг сайтар төлөвлөж шийдэх нь зөв. Хөгжингүй орны замд эгнээнээс эгнээ рүү шилжихэд аваараас сэргийлсэн дуугарагчтай байдаг. Энэ мэт олон улсад туршигдсан, шалгарсан стандартуудыг нэвтрүүлэх ажлын эхлэлийг энэ дөрвөн жилд хийх болов уу?

Зам тээвэр, усан зам зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэхийг чармайж буйг тань дэмжиж байна. Энэ бүхнийг дараагийн эдийн засгийн 25 жилийн суурь  дэд бүтэц гэж харж, ажиллах нь чухал юм.

Д.Ганбат: Эхний ээлжинд огт тэмдэг, тэмдэглэгээ байхгүй замуудыг тэмдэгжүүлж байна

Олон улсын авто замын тэмдэг, тэмдэглээний нэвтрүүлэлт учир дутагдалтай байна. Замын хажууд маш жижгээр бичсэн бөгөөд гадаадын жуулчид хараад ойлгогдохооргүй байдаг. Тиймээс замын тэмдэг, тэмдэглээг олон улсын стандарт нийцүүлэх шаардлага бий.

Одоогоор эхний ээлжинд замын тэмдэг, тэмдэглэгээ огт байхгүй замуудыг тэмдэгжүүлэх ажлыг хийж байна. Цаашид олон улсын чанартай замуудад олон улсын тэмдэг, тэмдэглэгээ хийх зайлшгүй шаардлагатай байна.

Өнгөрсөн наймдугаар сард олон улсын туршилтын тээвэрлэлтийг маш амжилттай хийсэн. Энэ үеэр замын чанар, тэмдэг тэмдэглэгээнд онцгой анхаарах ёстой гэж үзээд хуулийн төсөлд энэ тухай тусгасан юм.

Нийслэлийн болон бусад төрийн байгууллагатай хамтарч ажиллах, эдгээрийн үйл ажиллагаатай авто замын бодлогыг уялдуулах нь маш чухал. Дугуйн зам, эгнээ шилжихэд тавигдах шаардлага гээд олон стандартыг нэвтрүүлэх, нийцүүлэх шаардлагатай.