Үдээс хойшхи чуулган Эрчим хүчний салбарын асуудлыг хөндлөө
УИХ-ын чуулган
2017.02.03

Үдээс хойшхи чуулган Эрчим хүчний салбарын асуудлыг хөндлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Засгийн газрын цагаар үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд П.Ганхүү өглөө.

Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж гишүүн асуулт асууж Т.Аюурсайхан гишүүний дүгнэлт нэгтгэлээр асуудлыг ярилцаж дуусгалаа. 

Гишүүд эрчим хүчний хөнгөлөлт болоод агаарын бохирдолтой холбоотойгоор бусад дагуул хотуудад ч энэ хөнгөлөлтийг шилжүүлэх санал хэлж байсан бол цахилгааны үндсэн тарифийн дэлгэрэнгүй мэдээллийг салбарын сайд, дэд сайдаас хариулт авав.

Мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Мөнхбат нарыг Төсвийн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумъяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооноос тус, тус чөлөөллөө.