Энх-Амгалан.Л 2017.02.03 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Усан замын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо өндөр шалгуур тавих ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан товч санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

100 гаруй завины асуудлыг зохицуулах гэсэн жижиг хууль гэж харж болохгүй л дээ. Монгол Улс далайд гарцтай болох уу гэсэн бодлогын түвшинд асуудлыг авч үзсэн хууль байгаасай гэж хүсч байна. Завины аюулгүй байдлыг цаг алдалгүй шийдэх ёстой юу гэвэл шийдэх ёстой.

Нэгд, Хөвсгөл аймгийн Ханх гээд маш том сум бий. Хөвсгөл нуураар хиллэсэн хамгийн том сум. 2000 мянга гаруй хүн амтай. Энэ сумын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх эсэх асуудал бол усан замын хөгжилтэй шууд холбоотой гэж үзэж байна.

Тиймээс Усан замын тээврийн тухай хууль гаргахдаа зайлшгүй Хатгал, Ханх хоёрын хооронд явдаг тээврийн үйлчилгээг шийдэж өгөх ёстой. Уг үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа явуулдаг хэлбэрээр шийдэх боломжтой.

Хоёрт, Усан замын тээврийн үйлчилгээг эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлийг анхнаасаа нарийн чанга шалгуураар олгох ёстой. Ялангуяа том онгоц оруулж ирэх гэж байгаа компани болгонд тусгай зөвшөөрөл битгий олго. Хэрэв ингэвэл цахилгаан станцын жишээтэй адилхан болно.

60 гаруй цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Нэг нь ч баригддаггүй. Тиймээс төр өөрөө сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан компанитай 5-10 жилийн хугацаатай урт гэрээ хийвэл Хөвсгөл нуур, нуур орчмын нутаг дэвсгэрт томоохон хөрөнгө оруулалт орох нөхцөл, боломж бий.