Л.Мөнхбаатар 2017.02.03 | Сайт: Vip76.mn

Л.Мөнхбаатар: Усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль гаргах ёстой

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурт үйлчилгээ үзүүлдэг 100 орчим завийг яаж зохицуулах талаар өөрийн саналыг дэвшүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт 100 орчим жижиг завь, Сүхбаатар хөлөг онгоц байна. Эдгээр завиудыг зохицуулах боломж байхгүйгээс өөрийн дур дураараа аашилдаг. Тодорхой маршрут байхгүй. Аялал жуулчлалын тодорхой хөтөлбөргүй, хэдэн жуулчин аялуулдаг. Тиймээс Усан замын тээврийн тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй. Харин Усан замын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт алга.

Нуурт зорчиж байсан хоёр завь хоорондоо мөргөлдлөө гэхэд хэрхэн яаж шийдэх гэдгийг зохицуулах шаардлагатай. Хөвсгөлийн Хатгал орчимд хоёр завь мөргөлдөхөд хариуцлага тооцьё гэсэн ч мөрдөх хууль тогтоомж байхгүй бодит байдал үүссэн.

Хуулийн төсөлд усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг салбарын сайд батлахаар оруулж ирсэн байна. Цаашид журам биш хууль болж өргөжих зайлшгүй шаардлага тулгарна. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан салбарын сайдаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа энэ дашрамд хэлье.

Энэ олон замбараагүй завины асуудлыг боомтой болсноор шийдэж болно гэж үзэж байна. Авто вокзал гэдэгтэй адил усан замын тээврийн боомттой болгож, боомтоос маршрутыг тогтоож, зорчих зөвшөөрөл олгодог, GPS-тай, холбооны хэрэгсэлтэй байх ёстой. Энэ тал дээр бодож, төлөвлөж буй ажлууд бий юу? Хэрэв завины зохицуулалтыг сайжруулбал жуулчдын аюулгүй байдал хангагдана.