Д.Тогтохсүрэн 2017.02.07 | Сайт: Vip76.mn

Д.Тогтохсүрэн: Ажлын байр бий болгох төсөлд зээлийн хөрөнгийг зарцуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн зээлийн зарцуулалт, ашиглалтын талаар өөрийн саналыг хэлсэн юм. 

Д.Тогтохсүрэн: Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн ТЭЗҮ бэлэн гэж ойлгосон. Гэтэл Сангийн яамны тайлбарыг сонсохоор юу хийх гэж байгаа нь тодорхой бус, бэлэн биш байгаа мэт ойлгогдоод байна. Угтаа бол төслүүдийн ТЭЗҮ-ийг бүрэн хийж дууссаны үндсэн дээр уг хэлэлцээрийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлж байх ёстой юм. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

Ер нь зээл, тусламжийн үр өгөөжийг сайжруулах нь чухал байна. Эдийн засагт бодитой өсөлт бий болгох төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гэж байна. Энэ төслийн үр дүн, өгөөж тодорхой бус. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байгаа байдлыг харахад үр дүн багатай, жижиг зүйлд гол анхаарлаа хандуулаад байх шиг. 

Ажлын байр бий болгох, хадгалах төслүүдийг ч дэмжих хэрэгтэй байгаа юм. Бизнесийг дэмжих, тэр дундаа бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх төслүүдийг дэмжснээр эдийн засаг хүндрэлтэй байгаа үед бага ч болов дэм болно гэж үзэж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn