Баттөмөр.Б 2017.02.07 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Хэдий болтол үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулсаар байх вэ?

Б.Баттөмөр: Хэдий болтол үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулсаар байх вэ?
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хөдөө аж ахуйг хөгжүүлэх оон улсын сангийн хооронд байгуулах "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэж байна. 

Уг төслийг Засгийн газар 2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо уг асуудлаар зөвшилцөн, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. 

Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан.

Тиймээс үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох жилийн 1,25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байна.

Ингээд төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгэнт яваад ирсэн уламжлалт төслүүдэд хөрөнгө оруулах биш хөв байгуулах зэрэг шинэлэг, ач холбогдолтой төслүүдийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн асуудлыг хөндлөө. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бас л төслийн үр ашгийн талаар ярих байна. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30-аад жилийн түүхэнд гаднаас авсан зээл, тусламж, хөнгөлөлттэй зээл гэхээр нилээдгүй том тоо гардаг. Гэтэл ямар үр дүнд хүрэв гэхээр тодорхой үр дүн харагддаггүй. Хөтөлбөрийн санхүүжүүлэгч тал нь төслөө сонгох нь бий.

Хэдийгээр санхүүжүүлэгч тал төслөө сонгодог ч эцсийн бүлэгт Монгол Улс зээлээ төлөх учраас төслийн сонгон шалгаруулалтад өөрийн орны үүрэг, оролцоо нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу.

Төсөлд тусгаснаар бол ааруул, цагаан идээ хийдэг, оёдол эсгүүр хийдэг эмэгтэйчүүдийг дэмжинэ гэсэн байна. Тэртэй, тэргүй Монгол эмэгтэйчүүд эртнээс нааш цагаан идээгээ бэлтгэж, дээл хувцасаа оёж ирсэн уламжлалтай шүү дээ. Заавал гаднаас зээл авч, энэ төрлийн төсөл хэрэгжүүлэх хэрэг байна уу? Цаг агаарын төлөв байдлыг ажиглахад зориулж заавал зээл авах хэрэгтэй юу? Энэ бүхнээс дүгнэхэд, төслийн үр өгөөжийг бодолцож үзэх нь зүйтэй байгаа юм.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалж, хөрсөн дээр маш их ус уудаг. Энэ усыг авч ашиглах хэрэгтэй.

Монгол Улсын 1,5 сая дөрвөлжин хавтгай метр нутаг дэвсгэрт байх мал амьтныг ундаалахад хөрсөн дээр буудаг усыг ашиглах нь зүйтэй. Үүнийг төрийн бодлогоор хийх ёстой. Судалгаанаас харахад, зэрлэг ан, амьтдын нийт төлийн 30 хувь нь усгүйгээс болж, цангаж үхдэг гэсэн байдаг. Тиймээс 9 сая ам.долларын зээлийг хөв байгуулах зэрэг тодорхой төслүүдэд зарцуулах хэрэгтэй. 

9 сая ам.доллар гэдэг 20 тэрбум төгрөгтэй тэнцэх харьцангуй бага мөнгө мэт боловч зөв менежмент хийвэл багадахааргүй их мөнгө.

Өнгөрсөн жилүүдэд үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулсан, төслийн багийнхан нь өндөр цалинтай, хангамж сайтай байсаар ирсэн. Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлд маш олон төсөл хэрэгжиж байна. Гэвч эцэст нь цаасан дээр хэдэн тоо л үлдэж байна шүү дээ. Одоо үүнийг өөрчлөх ёстой. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn