Х.Амгаланбаатар: Засгийн газар ард иргэдийн амьжиргааны түвшинг бууруулахүй байх үүрэгтэй
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2017.02.08

Х.Амгаланбаатар: Засгийн газар ард иргэдийн амьжиргааны түвшинг бууруулахүй байх үүрэгтэй

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Манай улсад импортоор орж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шатахууны  үнэ бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хөлсөд шууд нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс шатахууны үнийг барих талаар олон улсын болон дотоод хэлэлцээр  бүрт сануулдаг. 2015-2016 оны хэлэлцээрийн үед нэлээд нухацтай ярьж, Монголбанк Сангийн яам, импорлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзаж тооцоо судалгаа гаргаж ярилцсан.

2016 оны байдлаар хөнгөлөлттэй үнээр хилээр  оруулж ирж байгаа шатахууны 70 хувийг уул уурхайн компаниуд авч байна гэсэн тооцоо судалгааг гаргаж байсан. Энэ тоо одоо буурлаа гэхэд 60 орчим болсон байх. Хөнгөлөлттэй үнэтэй шатахуун чинь гол нь  хэрэглэгчийн гар дээр очих ёстой. Гэтэл ийн импортлогчид үнээ нэмснийг бид эсэргүүцэж байна. 

-Шатахууны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлж эхэлсэн талаар судалгаа хийж эхэлсэн үү?

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт даваа гарагаас иргэдэд мэдрэгдэж эхэлсэн. Удахгүй “Цагаан сар” болох нь. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал өндөр байна. Бид үнийн өсөлтөд судалгаа хийх цаг хугацаа хомс байна. Тиймээс үнэ ханшид нөлөөлөхөөс урьтаж арга хэмжээ авч эхлэх ёстой гэдгийг хэлье.

“Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар дээр ШӨХТГ-ын дарга Лхагвагийн ярилцлага гарсан байна билээ. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай шатахууны үнийг нэмэх бодит нөхцөл байдал бий болоогүй ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн байсан. 

-Эдийн засгийн нөхцөл хүнд, ард иргэдийн амьжиргаа тааруу байгаа энэ үед танай холбооны зүгээс иргэдийн нуруун дээрх ачааг багасгахын тулд ямар ажлууд хийж байна вэ?

-2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.5-д валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан учирч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах талаар судалж хамтран хэрэгжүүлнэ гэсэн заалт бий.

Энэ заалтын дагуу Засгийн газар холбогдох арга хэмжээг авах шаардлагатай.Ялангуяа шатахууны үнэ дээр. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Валютын сантай “Стэнд бай” хөтөлбөрийг ямар нөхцөлөөр хэрэгжүүлэх вэ гэдгийг ойрын хугацаанд эцэслэн шийвэрлэхээр болсон. Энэ чиглэлээр манай холбоо 2016 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор дөрвөн удаа мэдээлэл хийсэн.

Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд ард иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн түвшинг дордуулахгүй байх нөхцөлийг Олон улсын валютын сантай тохирох ёстой. Аль болох ажлын байр цомхотгохгүй байх үүргийг Засгийн газар хүлээх ёстой. Өнөөдөр энэ шаардлагаа дахин сануулж байна.