2017.02.08

3 хүртэлх насны хүүхдээ гэртээ харж буй эх, 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоно

2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3 сая 57,8 мянга, жилийн дундаж өсөлт 2,1 хувьтай байна. Цаашид хүн амын дундаж өсөлт аажим буурсаар 2025 онд 0,99 хувьд хүрэхээр байна гэж холбогдох байгууллагаас мэдээллээ. Тиймээс хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий гэж Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, “Өрх толгойлсон эх/эцэг-ийн нийгмийн хамгааллын тухай” хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ гэж заасан.

Одоогийн байдлаар Монгол Улсад 531,1 мянган хүүхэдтэй өрх бий гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын судалгаанд дурджээ.

Нийт хүүхэдтэй өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Тиймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих хэрэгтэй юм.

Нөгөө талаар нийт хүүхэдтэй өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эцэг, эх эзэлж байгаа ч тэднийг дэмжих хууль эрх зүйн зохицуулалт сул байна.

Олон хүүхэдтэй тэр дундаа өрх толгойлсон эцэг эхэд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлого багатай байдгаас хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах боломж хомс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах байдал ч учир дутагдалтай.

Энэ бүхнийг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Хуулийн төсөлд,

- 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох

- Эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох

- 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгох

- 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна.

гэж заажээ. 

Эхний гурван нөхцөлд тэтгэмж авах эх нас барсан, эсвэл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн эцэг, эсвэл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх/эцэг-т олгоно гэж хууль санаачлагч үзжээ.

Хэрэв 0-3 насны хүүхэдтэй ч эцэг, асран хамгаалагч хөдөлмөр эрхэлдэг байсан ч энэ нь уг тэтгэмжийг олгохгүй гэсэн үг биш юм. Харин жирэмсэн эхэд тэтгэмжээ барьцаалан зээл авахыг хоригложээ. Тэтгэмж авах эрхтэй бусад этгээд тэтгэмжээ барьцаалан зээл авч болох, болохгүйг хуулийн төсөлд заагаагүй байна. 

Тэтгэмжийн хэмжээг Засгийн газар батлах бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна гэж төсөлд тусгасан байна. 

Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 72,4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд хуулийн төсөл батлагдвал ирэх оны эхнээс хэрэгжих боломжтой юм.