Эцэг, эхэд олгох тэтгэмж: Ирэх онд олгох боломж бий юу?
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
2017.02.08

Эцэг, эхэд олгох тэтгэмж: Ирэх онд олгох боломж бий юу?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэтгэмж олгох санхүүжилтийн асуудлыг хөндсөн юм. 

М.Оюунчимэг: 2018 онд уг тэтгэмжийг олгох бодит боломж бий юу?

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хамгийн чухал хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна гэж үзэж байна. Учир нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хамгийн их яригдсан, олны анхаарлыг татсан асуудал бол “Цалинтай ээж” хөтөлбөр бөгөөд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийг дэмжих бодлого хамгийн чухал гэж иргэд үзэж байсан.

Тиймээс уг хуулийн төслийг сонгуулийн дараах анхны намрын чуулганаар оруулж ирж байгаад байнгын хороонд талархаж байна. Эдгээр зорилтот бүлэгт тэтгэмж олгоход хичнээн тэрбум төгрөг шаардлагатай бол?

2017 онд эдийн засаг хүнд байна. Тэгвэл 2018 онд тэтгэмж олгох бодит боломж бий юу? 2018 оны улсын төсөвт суулгах талаар одооноос ажиллах нь зүйтэй болов уу.

Хэрэгжих зайлшгүй шаардлагатай хуулийн төслийн хэрэгжилтийг жилийн өмнөөс хангаж, ирэх жилээс итгэл төгс олгох хэрэгтэй.

Н.Номтойбаяр: Ирэх онд тэтгэмжийн санхжүүилтийг шийдэх бүрэн боломжтой

2015 оны жилийн эцсийн байдлаар ихэр хүүхдийн тэтгэмж авсан 1054 хүүхэд байна. Зарцуулсан хөрөнгө нь 1,9 тэрбум төгрөг. Хүүхэд тус бүрт нэг удаа 1 сая төгрөгийн тэтгэмж олгодог. “Цалинтай ээж” хөтөлбөр нь хүн амын төрөлтийг дэмжих бодлого юм.

Хүн амын дундаж өсөлт аажмаар буурсаар цаашид хүн амд эзлэх ахмад настны хувь өндөр болох магадлалтай байна. Тиймээс хөдөлмөрийн насны идэвхтэй хүн ам буурахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгийг тэтгэмж хэлбэрээр зорилтот бүлэгт олгох хугацааг аль болох наашлуулах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан ойрын жилд улиралд нэг удаа олгож байхаар, эдийн засаг сайжрахын ирэхээр сард нэг удаа олгох боломжийг эрэлхийлж байна.

2018 оны улсын төсөвт тэтгэмжийн санхүүжилтэд зориулан 72,4 тэрбум төгрөг суулгах шаардлагатай. Энэ хэмжээний хөрөнгийг ирэх онд шийдэх бүрэн боломжтой гэж Засгийн газар үзэж байна.