Ж.Бат-Эрдэнэ: Төв цэвэрлэх байгууламж барих ажлыг яг хэзээнээс эхлүүлэх вэ?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.02.08

Ж.Бат-Эрдэнэ: Төв цэвэрлэх байгууламж барих ажлыг яг хэзээнээс эхлүүлэх вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ ажлыг гардан хэрэгжүүлж буй албаны хүмүүсээс хэд хэдэн асуултад хариулт авсан юм. 

Ж.Бат-Эрдэнэ: "Чихэн дээр цэцэг ургуулах" хэрэггүй шүү

Нэгд, Концессийн гэрээ ямар хугацаанд хэрэгжих вэ?

Хоёрт, Хэзээ эхлүүлэх вэ?

Аж ахуйн нэгжүүдийг Эмээлт рүү нүүлгэнэ гэж байсан. Тэнд цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал ямар байна вэ? Эмээлтэд цэвэр байгууламж бариагүй байгаа атлаа “чихэн дээр цэцэг ургуулж” болохгүй. Төв цэвэрлэх байгууламжийн ажилд саарал ус ашиглана гэсэн чихэнд чимэгтэй үг дуулдаад байна. Гол нь саарал усыг яг юунд зориулах вэ? Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ барихад хэр өртөгтэй байх вэ? Цэвэрлэх байгууламжид саарал ус ашиглах нь дараагийн ээлжинд яригдах асуудал уу?

Ж.Батбаясгалан: Цэвэрлэх байгууламж барих ажилд 130 сая ам.доллар зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо гарсан

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ажлын байрыг шинээр бий болгох, хямралаас гарах гол гарц бол үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх асуудал юм. Энэ асуудал ч Нийслэлийн Засаг даргын энэ дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

Урьдчилсан тооцоогоор 130 сая гаруй ам.долларын бүтээн байгуулалтын ажил явагдана. Арьс шир үйлдвэрлэгчдийг хотоос гаргах асуудлаар гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор арьс, ширний үйлдвэрүүд хотоос гарч дуусах юм. Энэ тухай ч УИХ-ын тогтоол гарсан.

Одоогийн цэвэрлэх байгууламжийн технологийн горимд хамгийн их хүндрэл учруулж байгаа хүчин зүйл бол арьс, ширний үйлдвэрлэл юм. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох, эдгээр үйлдвэрлэлийг Үйлдвэр, технологийн парк байгуулах замаар эмх цэгцэнд оруулах ажил хөрөнгийн дутмаг байдлаас болж гацаад байна. Парк байгуулах төслийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх тухай ярьж байгаа.

Ажлын хэсэг:

Концессийн гэрээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэрэв энэ ажил төлөвлөгөөний дагуу явбал энэ сард багтаан гэрээ байгуулах болно. Францын нэр бүхий компаниар ТЭЗҮ, техникийн зураг төслийг гаргуулсан.

Концессийн гэрээ байгуулсны дараа сонгогдсон компани нь барилгын нарийвчилсан зураг төслөө хийж, барилгын ажлаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Концессийн гэрээ хэрэгжих хугацааны хувьд 25-30 жил байх юм.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр:

Цэвэрлэх байгууламж барих ажилд саарал ус ашиглах юм. Харин саарал усаа яг яаж ашиглах вэ гэдэг нь дараагийн асуудал юм. Барилгын зураг төсөл дээр зарчмын маш том өөрчлөлт орно.