Эрдэнэ.С Бямбацогт.С Энхболд.М Баасанхүү.О 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг чуулган завсарлахаас өмнө амжиж хэлэлцүүлэх хүсэлтэй байна

Гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг чуулган завсарлахаас өмнө амжиж хэлэлцүүлэх хүсэлтэй байна

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 9-ний хуралдаан 51,3 хувийн ирцтэй эхэллээ.  Чуулганы өнөөдөр, маргаашийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тэргүүтэй 15 асуудлыг хэлэлцэхээр дараалал гаргажээ.

Чуулганы эхэнд уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан өөрсдийн саналыг дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, С.Эрдэнэ нар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шийдвэрийн төслийг чуулган засварлахаас өмнө амжиж хэлэлцэхийг санал болгож байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Эрүүгийн болон Зөрчлийн тухай дагалдах бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Т.Аюурсайхан: Ээлжит бус чуулган өндөрлөх гэж байна. Тиймээс уг намрын чуулганаар амжиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шийдвэрийн төслийг өнөөдөр үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй.

О.Баасанхүү: Улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс намрын ээлжит бус чуулганыг зарлах байх. Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл маань Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн сураг дуулдсан. 

Гэтэл энэ намрын чуулган, ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд алга. Тиймээс яагаад уг тогтоолын төслийг гацааж, хэлэлцэхгүй байгаа талаар тодорхой тайлбар өгнө үү.

С.Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувийг шалгах хууль хяналтын байгууллагын хяналт, шалгалт дутуу дулимаг  байна гэж үзэж байна. Уг асуудлаар бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувийг шалгах талаар АН-ын бүлгийн талаар ямар нэгэн эсэргүүцэх зүйл алга. Гэхдээ яагаад Эрдэнэтийн 51 хувийг ярихгүй байгаа юм бэ?

140 сая ам.долларыг Английн Арбитрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр төлөх болчихоод байна шүү дээ. Тус үйлдвэрт шахааны бизнес цэцэглэсэн тухай асуудлыг шалгах нь зүйтэй. 51 ч бай, 49 ч бай нэг л үйлдвэрийн тухай ярьж байгаа учраас Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

С.Бямбацогт: УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд явж байна. Уг хуулийн төслүүдтэй дагалдах 5 хуулийн төслийг буцаасан. Эдгээр буцаасан хуулийн төслүүдээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар батлуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн бариад байгаа. Тэгвэл эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг намрын чуулганаар амжиж шийдвэрлэж, чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсэг ажиллаж, хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байна. 

Ингээд гишүүд саналаа хэлж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд хариу тайлбар өглөө. 

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэмжээнд хүрээгүй, хэрэв Хууль зүйн байнгын хороо чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангах юм бол уг асуудалтай холбоотой бүх талын оролцоог хангаж хэлэлцэх зүйтэй гэлээ. 

Харин С.Эрдэнийн хүсэлтийн хариуд энэ удаад зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан учраас 51 хувийг энэ чуулганаар хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн юм. 

Оны өмнө 50 орчим хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийг холбогдох байнгын хороодод шилжүүлсэн. Байнгын хорооны дарга нар аль хуулийн төслийг хэзээ хэлэлцэх эсэхээ шийддэг. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын намрын чуулганаар амжиж хэлэлцэх боломжгүй.

Харин Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийн дагалдах хуулийн төслүүдийг чуулганы завсараар байнгын хороо амжиж хэлэлцэх эсэхийг шийдэх юм бол чуулганаар хэлэлцэх боломжтой гэсэн тайлбарыг тус тус өглөө.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn