УИХ-ын гишүүн Л.Болд
2017.02.09

Л.Болд: Дотооддоо байлдах цэрэг бий болгох нь маш том ухралт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Болд дотоодын цэрэг байгуулснаар Ардчилсан нийгэмд гарч буй томоохон ухралт болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

Хэлэлцэх асуудлын дараалалд Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл байхгүй байсан шүү дээ. Ингээд шууд оруулчихаж болж байгаа юм уу? Дотоодын цэрэг бий болгох асуудлаар олон талаас нь сайтар хэлэлцэх буюу долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандах хэрэгтэй.

Дотоодын цэрэг бий болгоно гэдэг тоглоом биш. Ард түмний хүүхдийг татан оролцуулах замаар буцаад тэдэн рүүгээ буу шагайх болчихож байгаа юм.  Үндсэн хуульд, Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэж заасан байдаг. УИХ, Засгийн газар өөрсдийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй болж байна.

Зэвсэгт хүчинтэй Б.Бат-Эрдэнэ сайд байна. Хилийн цэрэгтэй С.Бямбацогт сайд байна. Цагдаа, дотоодын цэрэгтэй болохоор тэмүүлж буй Ж.Мөнхбат сайд байна. Онцгой байдлын байгууллагыг мөн генерал цолтой даргатай болгосон, У.Хүрэлсүх сайд байна. Тагнуулын байгууллагыг харин аль сайд нь хариуцаж байна? Ингээд үзэхээр сайд нар хэвлэлээр маргах биш цэрэг хөдөлгөх болж байна.

Монголын нийгмийн том шилжилтийг буцаах боломж байхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, салбарын хуулийг өөрчлөх зэргээр эргээд социализм байгуулна гэж үзэж байгаа бол энэ боломжгүй.

1990 онд Ардчилсан хувьсгалын төлөөх жагсаал, цуглаан өрнүүлснээр өнөөдрийн үүссэн тогтолцоог асар үнэ цэнээр авчирсан шүү дээ. Тухайн үед дотоодын цэрэг, хилийн цэргийн анги нэгтгэлийнхэн Туулын бургасанд хуяг, танктайгаа ирчихсэн, ард түмний шаардлагыг хүлээж авах уу, зэвсгээр дарах уу гэсэн сонголтын өмнө байсан. Тэр үед дотоодын цэрэг, хилийн цэрэгт албан хааж байсан манай найзууд та нарыг буудахад бэлэн байсан гэдэг. Тиймээс ийм ухралт хийх юм бол түүх биднийг өршөөхгүй. Ийм зүйл байж болохгүй.

Дотоодын цэргийн гүйцэтгэх үүрэгт гамшгийн үед ажиллана, хэв журам сахиулна гэж орсон байна. Эдгээр үүрэг хариуцлагыг хүлээх албан хаагчид Гамшгийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиар бий шүү дээ. Дотооддоо байлдах цэрэг бий болгох нь маш том ухралт.

1990 онд Л.Баябазар гэж генерал хилийн ба дотоодын цэргийн командлагч байсан. Тэрээр Намын төв хорооны бүгд хурал дээр “Дотоодын цэрэг, хилчин, дайчин бид нам, засгаа хамгаалахад бэлэн” гэж мэдэгдэж байсан. Түүний эсрэг оюутны холбооны залуус бид талбай дээр жагсаж байсан.

Эх орноо хамгаалахын төлөө тангараг өргөсөн цэргүүд ард түмнийхээ эсрэг, ард түмний хүүхдийг буудах гэж байна. Үүнийг ерөнхий командлагч нь намынхаа хурал дээр тунхаглаж байна. Энэ бол буруу юм гэсэн эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн өөрчлөлтүүдийг тухайн үед хийсэн. Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг эргэн харах хэрэгтэй. Хоёр нам хоорондоо зөвшилцье. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Л.Болд минь чи юу болоо вэ? Юмыг дандаа бүтэхгүй талаас нь бодож, тайлбарлах юм. 1922 онд Дотоодын цэрэг байгуулагдаж, Монгол төрийн төлөө явж байсан шүү дээ. Хуучин цагт Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэд хилийн ба дотоодын цэрэг гэж байж байгаад 1990 оны Ардчилсан хувьсгал ялсны дараа Цагдаагийн байгууллагад шилжиж, онц чухал обьектуудыг хамгаалж ирсэн.

Дотоодын цэргийн хоёрхон анги бий. Дотоодын цэргийг татан буулгасан нь буруу байсан гэдгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрч, Д.Дорлигжав Хууль зүйн сайд байхдаа Дотоодын цэрэг байгуулах тухай хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлж амжаагүй байтал өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дууссан. Уг хуулийн төслийг дахин Хууль зүй, дотоод хэргийн яамныхан өргөн мэдүүлсэн учиртай юм.

Хууль зүйн сайдаар ажиллаад ирэхээр л дотоодын цэрэг хэрэгцээтэй болохыг мэдэрдэг юм. Ардчилсан намд ч дотоодын цэрэг гэж байх нь зөв гэсэн байр суурьтай гишүүд бий.

Ард түмэн рүү буу шагайна гэж уг хуулийн төсөлд байхгүй. Улсын онц, чухал обьектийг хамгаална. Хамгаалж буй обьектод нь халдвал зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэнэ. Хүний амь нас эрсдэхээр нөхцөл байдалд мөн зэвсэг хэрэглэнэ гэсэн агуулгатай хуулийн төсөл шүү дээ. Гамшгийн үед шаардлага гарвал дэмжлэг үзүүлэх зорилгоор л үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа юм.