Ганбаатар.Ж 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж, танилцуулсан юм. 

Танилцуулгын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уг хуулийн төслөөр завсарлага авах горимын санал гарсан учраас УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өглөө. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг төслийг бэлтгэлээ.

Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,5 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.

Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд үг хэллэг, хууль зүйн техникийн засваруудыг хийж, эцсийн хувилбарыг төслийг хүргүүлж байна.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn