Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг өнөө, маргаашгүй яаралтай батлах ёстой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.02.09

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг өнөө, маргаашгүй яаралтай батлах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах нь зүйтэй гэж үзлээ. 

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны асуудлаар бүтэн нэг жил алдах гээд байна шүү дээ

Хөгжлийн банкны талаар улс төрийн шийдэл бий. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо батлахгүй юм бол чуулган маргааш завсарлана.

Гуравдугаар сарын 20 гэхэд тайлан, баланс гарсан байх ёстой. Нөгөө талаараа бизнесийн мөчлөг хавраас эхэлнэ. Энэ үед хөрөнгө босгох боломжоо алдчих юм бол бүтэн нэг жилийн хугацаатай Хөгжлийн банкны үйл ажиллагаа саатах болчихоод байна.

Хөгжлийн банкнаас олгох санхүүжилтийг төсвөөс гадуур явуулах уу, Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй уях уу гэдгээ шийдэх ёстой.

Д.Тэрбишдагва: Олон улсын валютын сантай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой

Олон улсын валютын сангийн эсрэг яриад байгаа юм биш. Иймэрхүү асуудлыг хэлэлцэж ярилцана уу гэхээс биш тавьсан шаардлага бүрийг ёсчлон биелүүлэхгүй. Хэлэлцээрийн ширээнд сууж ярилцах ёстой. Би хэд хэдэн удаа хэлсэн.

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлага болгоныг ёсчлон биелүүлэх биш харилцан ярилцаж, хамтын шийдвэр гаргах ёстой. Олон улсын валютын сангийн дэмжлэгийг авах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн шүү дээ.