Баасанхүү.О 2017.02.09 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Эрх баригчдын дотоод зөрчилдөөн, олигархиудын эрх мэдлийн төлөөх тэмцэл ард түмнийг тамирдуулж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх баригчдын хоорондын зөрчил, тэмцлийн улмаас Хөгжлийн банк болон Стэнд бай хөтөлбөртэй холбоотой асуудал гацаанд орно гэж шүүмжлэлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Монгол Улсын эдийн засгийг аварья гэхээр санаатайгаар аврахгүй байя, МАН эдийн засгаа унагаасан мэтээр муухайгаар харагдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулья гэх зэргээр ард түмнээ барьцаанд тавьсан улстөрчдийн тоглоом яваад байна уу гэж хардаж байна. Тухайлбал, БНХАУ-аас зээл авья гэхээр Далай ламыг урьдаг, ОХУ-тай яриа хэлэлцээ хийе гэхээр гүйж очоод янз бүрийн юм яриад болиулчихдаг, Тавантолгойн төслийн талаар ярилцаж байхад улстөржиж гацаадаг, одоо “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэхээр саад болж байна.

Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэж хэлж байсан даа. Хэдийгээр та хэдийгээ шүүмжлээд байгаа мэт боловч улс орны эдийн засгийг аврах, босгох асуудал дээр нам харгалзахгүй дэмжиж байгаа шүү дээ. Дэмжих ёстой ч гэж бодож байна.

Хэн нь эдийн засгийг сөхрүүлсэн бэ гэдэг нь дараагийн асуудал. Одоо бол эдийн засгийн хямралаас яаж гаргах вэ гэдгийг ярих ёстой.

Асуудал маш тодорхой байна. Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг батлах ёстой юу гэвэл батлах ёстой. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэж ярих гэхээр энэ хуулийн төслийг баталж, чагт үүсгээд уг хөтөлбөрт хамрагдахгүй гэж байгаа юм уу? Эсвэл ирц хүрэхгүйн зовлон байхгүй юм чинь байнгын хороо, УИХ-аараа энэ асуудлыг оруулаад хэрхэх эсэхээ шийд л дээ.

Олон улсын валютын сангийн тавьж буй нөхцөл, шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол шууд хэлчих хэрэгтэй. Хэрэв улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөөнд халтай нөхцөл тавиад байгаа бол гишүүд бүгд эх оронч үзэлтэй учраас уг хөтөлбөрт хамрагдахгүй шаардлагагүй гэж үзэж байна.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихаар Засгийн газар /Ж.Эрдэнэбат/ эдийн засгийг аварлаа гэсэн нэр зүүнэ гэж бодоод ил хайр зарлаад, далд ар нуруу руу нь “хутга зоогоод” байна шүү дээ. Эрх баригчдын доторх зөрчилдөөн, олигархиудын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл ард түмнийг тамирдуулж байна.

Ард түмэн та нарт итгэж, 65 суудал өгөөд байхад нэг асуудлаар хоорондоо ойлголцдоггүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга нар хоёр өөр зүйл ярьж байна шүү дээ.

Улс орны хувьд төсөв чухал юм бол Төсвийн байнгын хороог сонсмоор байдаг. Эдийн засаг чухал гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороог сонсмоор байдаг. Гэтэл өөр өөр намын гишүүд шиг, хоёр өөр асуудал ярьж байгаа юм шиг асуудалд хандах юм.

Стэнд бай хөтөлбөрийг зогсоох тухайд эсрэг кноп дармааргүй байдаг. Бас Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг унагаасан эсрэг кноп дармааргүй байна. Хөгжлийн банк, Стэнд бай хөтөлбөрийн талаар бүлгийн хуралдаан дээрээ яагаад ойлголцож болоогүй юм бэ? Ойлголцож чадахгүй байгаа бол МАХН руу хүрээд ирээч. 1990 онд бид нэгдмэл байж чадсан. 72-уулаа байхдаа энэ улсыг хөгжүүлж чадсан. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn