Ганбаатар.Ж 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг яагаад батлах ёстой талаар тайлбар хийлээ

Ж.Ганбаатар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг яагаад батлах ёстой талаар тайлбар хийлээ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. 

Хоёр байнгын хорооны дарга нэг асуудлаар өөр, өөр байр суурьтай байна

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын Засгийн газар бие даан олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэсэн ч мөнгө олдохгүй байна. Монгол Улсын олон улсын зах зээлээс мөнгө босгох цорын ганц арга нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр болчихоод байна... Өнөөдөр Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хүч түрээд баталлаа гэхэд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлөөр манай асуудал хэлэлцэгдэхгүй болчихоод байна" гэсэн юм. 

Түүний хариу болгож, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: "Олон улсын валютын сангаас тавьсан шаардлага болгоныг ёсчлон биелүүлэх биш харилцан ярилцаж, хамтын шийдвэр гаргах ёстой. Олон улсын валютын сангийн дэмжлэгийг авах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн шүү дээ" гэж өөр өөр байр суурийг илэрхийлж байлаа. 

Тэгвэл Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг чуулганы хуралдаанд бэлтгүүлэх ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг нэн яаралтай батлах нь зүйтэй гэж үзсэнээ тодорхой үндэслэлтэйгээр тайлбарласан юм. 

Ж.Ганбаатар: Бид хөгжих ёстой. Энд хөгжлийн тухай ярьж байна шүү дээ

Бид энд хөгжлийн тухай ярьж байна. Арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа дунд хэмжээний төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх юм. Тиймээс хуулийн төслийг батлах асуудлыг хойшлуулж болохгүй. Бид ч бас хөгжлийн тухай ярьж байж л ялалт байгуулсан шүү дээ.

Өмнөх хуулиасаа ялгарах гол онцлог нь улстөрчдийн нөлөө орохгүй, банк өөрөө бие даан шийдвэр гаргах юм. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ. Эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй. Зөвхөн дунд хугацаанд хэрэгжих, ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын гаргасан саналыг Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд оруулах нь зөв болов уу гэж бодож байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn