Бямбацогт.С Ганбаатар.Ж 2017.02.09 | Сайт: Vip76.mn

ААН-үүдэд эрүүгийн хариуцлага тооцох: Хариуцлага чангарсан уу, эсвэл?

ААН-үүдэд эрүүгийн хариуцлага тооцох: Хариуцлага чангарсан уу, эсвэл?
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ж.Ганбаатар: Аж ахуй эрхэлнэ гэдэг гэмт хэрэг биш. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн гэж битгий хар

Уг хуулийн төслөөр бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Эсэргүүцсэн шалтгаанаа дараах үндэслэлээр тайлбарлая.

Герман улсад аж ахуйн нэгжүүдийг хуулийн хариуцлагад татдаггүй. Хүн бүр иргэн гэдэг утгаараа Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Түүн дээр нэмээд аж ахуй эрхэлснийхээ төлөө торгууль төлнө. Их хэмжээний торгууль шүү.

400-800 сая хүртэл төгрөгийн торгоно. Мөн аж ахуйн нэгжийг нь татан буулгана. Энэ бүгд хэрээс хэтэрч байна. Германы хуулийн загвар дээр үндэслэсэн уг хуульд ийм заалт оруулж байгаа нь байж болохгүй зүйл. АНУ гэхэд зөвхөн Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульдаа л ийм хатуу заалт оруулж өгсөн байдаг.

Бусдад санаатай муу зүйл хийхийн тулд бизнес эрхэлдэггүй. Эрүүгийн хуульд зааснаар бол санаатай болон санамсаргүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Аж ахуй эрхлэгч, төрийн албан хаагчид хоорондоо маргасан тохиолдолд аж ахуй эрхлэгчид илүү шийтгэл ногдуулдаг.

Монголын аж ахуйн нэгжүүд өсөж, дэвжихгүй байгаагийн гол шалтгаан бол төрийн байгууллагын саад тотгор юм. АНУ, Европын орнуудын аж ахуйн нэгжүүд 4-5 жилийн дотор тэрбумаар тооцогдох татварыг улсдаа төлж эхэлдэг.

Гэтэл Монголын компаниуд ийм хурдан хугацаанд өсөж чадахгүй байгаа. 20-30 жил болж байж, дунд хэмжээний компанийн түвшинд хүрч байна шүү дээ. Тиймээс компанийн хөгжлийг дэгээдсэн энэ заалтаа хуулийн төслөөс авч хая.

Аж ахуйн нэгжид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэхээр хариуцлагаас мултарна гэж ойлгоод байх шиг байна. Тэр хүн чинь иргэн гэдэг утгаараа Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тиймээс аж ахуй эрхэлснийхээ төлөө давхар хариуцлага хүлээдэг байдлыг таслан зогсооё. Хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой шүү дээ.

Уг хуулийн төслийн 18 дугаар зүйлд Эдийн засгийн гэмт хэрэг гэдэг нэрийдлээр 36 заалтаар бизнес эрхлэгчдийг шийтгэхээр байна. Аж ахуйн нэгжүүдээс гадна бизнес эрхлэгчдийг шийтгэх тухай оруулж өгсөн байна. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн тухай хуульд ганцхан заалтаар Эдийн засгийн гэмт хэргийг тодорхойлдог байсан.

Өнөөдөр Монголд томоохон битгий хэл дунд хэмжээний компани ч ховор байна. Том компаниуд олширч, хүн амын дунд дундаж давхаргынхан нэмэгдсэний дараа уг зүйл заалтаа хэрэгжүүлсэн нь зүйтэй байх. Дахин хэлэхэд, аж ахуй эрхэлнэ гэдэг гэмт хэрэг биш. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ гэмт хэрэгтэн гэж битгий хар.

С.Бямбацогт: Монополь компаниуд хоорондоо үгсэн хуйвалдсан тохиолдолд хариуцлага тооцох ёстой

Хуулийн этгээдэд хариуцлага тооцох тухай Олон улсын байгууллагаас тодорхой санал, зөвлөмж өгсөн. Мөн цаг үеийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулж, Эрүүгийн хуульд аж ахуй эрхлэгчдэд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд, зах зээлд монополь байдлаа хууль бусаар ашиглах гэсэн заалт бий.

Энэ нь монополь компаниуд хоорондоо үгсэн хуйвалдсан тохиолдолд хариуцлага тооцно. Хүлээлгэх хариуцлага нь торгох шийтгэл байна. Тухайлбал, нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмчихлээ. Энэ тохиолдолд эдгээр компанид хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учруулах, аюултай хог хаягдал, химийн хорт бодис зэрэг үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөлд тусгасан.

2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх Эрүүгийн тухай хуульд 56 зүйл заалтаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр байгаа.

2013 онд өргөн барьсан хуулийн төсөлд нийт 80 гаруй зүйл заалтаар аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох тэр дундаа 13 хүртэл тэрбум төгрөгөөр торгох хүртэл шийтгэл ногдуулахаар байсан. Үүнийг уг нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 36 зүйл заалтаар хариуцлага хүлээлгэдэг байхаар цөөрүүлж, торгуулийн дээд хэмжээ 800 орчим сая төгрөг байхаар шийтгэлийг зөөлөлсөн.

Хуулийн төсөлд тусгаснаар бол хамгийн хүнд шийтгэл нь аж ахуйн нэгжийг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлах, торгох гэж бий. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn