УИХ-ын гишүүн Б.Наранхүү
2017.02.10

Б.Наранхүү: Дараагийн удаа төмөр замын 51 хувийг 200 саяар авчихаад нэг тэрбум ам.доллараар төрд шахах гэвэл яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү асуудлыг өөр өнцгөөс харж, асуулт асуулаа. 

Б.НАРАНХҮҮ: ШИНЭ ТӨРЛИЙН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭХ ЮМ БИШ ҮҮ?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллар гэж хэн үнэлээд байгаа юм бэ? Худалдаж авчихаар нь 400 сая ам.доллар гэж үнэлээд байгаа юм уу? Эсвэл эдийн засгийн тооцооллоор ингэж үнэлэв үү?

Эрдэнэт үйлдвэрийг 400 биш 200 сая ам.доллараар худалдаж авсан бол яах вэ? Торгуулийн 100 сая ам.доллартайгаа нийлээд 300 сая ам.долларын ашигтай бизнес байвал яах вэ? Гүйлгээ бол бичилт хийж болно. Магадгүй Худалдаа хөгжлийн банк 300 сая ам.долларын ашигтай ажилласнаа тэмдэглээд сууж байгааг үгүйсгэхгүй шүү дээ.

Дараагийн удаа төмөр замын 51 хувийг 200 сая ам.доллараар авчихаад хэсэг нөхдөөр улстөржүүлж байгаад түүнийгээ нэг тэрбум ам.доллараар худалдан авсан гэж төрдөө шахаж болох юм биш үү?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Хөрөнгийн биржээр худалдья гэсэн санал зарим нэг хүн гаргаж байна. Тэгвэл хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж худалдсан чинь 250 сая ам.доллараар үнэлэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ? 400 сая ам.доллараар худалдаж авсан гэхээр нь 400 сая ам.доллар гэж ойлгоод байгаа юм уу?

Эрдэнэт үйлдвэр зах зээлийн үнэлгээгээрээ яг хэдэн төгрөгийн үнэтэй компани юм бэ? Хэлж байгаа үнээсээ доогуур үнэлгээгээр худалдаж авчихаад өндөр үнээр төрдөө шахдаг бизнес байвал яах юм бэ? Тиймээс компанийн үнэлгээнд ул суурьтай хандаач гэж хэлмээр байна. 

Ш.РАДНААСЭД: ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ГАРГАЖ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ САНГИЙН ЯАМАНД ЯВУУЛСАН

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хэдээр үнэлэх тухай Сангийн яам руу албан бичиг явуулсан. Компанийн үнэлгээг гаргадаг олон арга бий. Тухайн компанийн үндсэн хөрөнгөөс гадна газрын доорх баялаг, түүний өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлдог. Хамгийн сүүлийн байдлаар компанийн үнэлгээ ямар байгааг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүлэхэд 200 сая төгрөг хэрэгтэй гэсэн хариу ирүүлсэн.

2011-2015 он хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлсэн татварын дүн харахад, 2011 онд 508 тэрбум төгрөг, 2012 онд 404 тэрбум төгрөг, 2013 онд 401 тэрбум төгрөг,  2014 онд 382 тэрбум төгрөг, 2015 онд 323 тэрбум төгрөг байжээ. Эндээс харахад ямар хэмжээний үйлдвэрлэл явагддаг нь тодорхой харагдах байх.

Зөвхөн үйлдвэрийн цэвэр ашгийг харахад 2013 онд 182,9 тэрбум, 2014 онд 233 тэрбум төгрөг байх жишээтэй. Цэвэр ашгийн хэмжээг харахад ямар үнэ цэнэтэй үйлдвэр болохыг харж болно. Цагтаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж байсан, энэ том ААН-ийг Монгол Улсын Засгийн газар авахаас татгалзсан нь ард түмний эрх ашигт нийцүүлсэн үү? Тухайн үеийн Засгийн газар уг асуудлыг яагаад УИХ-аараа хэлэлцээгүй юм бэ?

Гэрээ ёсоор бол Эрдэнэт үйлдвэрийн хувь тодорхой хэмжээнд хөдөлгөөнд орлоо гэхэд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж УИХ-аар соёрхон баталсан гэрээнд тодорхой заасан байдаг.

УИХ-ын сонгууль дөхсөн, чуулган тарчихсан байсан буюу цаг үеийн хайчинд байсан гэсэн шалтгаанаар Монгол Улсаас нүүгээд явчихгүй ААН-ийг, байгалийн баялгийг хэн нэгэнд зарчихсан байгаа юм.

УИХ-ын ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчидтэй уулзаж байх үеэрээ “Монголын талд авчирсанд бид дургүйцээгүй. Зорилго нь аргаа зөвтгөдөггүй. Гол нь хууль зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж, ард түмний үнэт баялаг болсон Эрдэнэт үйлдвэрийг худалдан авав?” гэдэг асуудлыг хөндөн тавьсан.